
Сайн байцгаана уу. Конничива. Та бүхний амар амгаланг айлтгая.
Монгол улс ОХУ болон Хятад улсын дунд байрладаг, далайд гарцгүй, талын нутаг билээ.
Чингис хаан, Монгол бөх, морин хуур зэргээрээ дэлхий дахинд алдартай Монгол улс Япон улсаас 4 дахин их газар нутагтай бөгөөд, Японы хүн амын 1/50 хүн амьдардаг.
Богинохон зуны улирал, хатуу ширүүн урт өвлийн улиралтай, нэг өдрийн дотор дөрвөн улирлын өнгө аяс мэдрэгдэх эрс тэс уур амьсгалд амьдрах Монголчууд тайван, дөлгөөн зантай бөгөөд Монголд ирсэн Япончууд яг л төрсөн нутагтаа ирсэн юм шиг сэтгэгдэл төрөх нь олонтаа. Монголчууд мөн Япон улсад элэгтэй, ижилхэн царай зүсийг нь харсан ч ах дүү мэт санагддаг бизээ.
Монгол улс 1992 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр зах зээлийн чөлөөт эдийн засаг эрх чөлөөг дагуулсан ч уламжлалт гэрт амьдарч, таван хошуу малаа хариулан нүүдэллэдэг малчин ард болон машин хөлхөлдөн, өндөр барилга сүндэрлэх нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьжиргааны ялгаа эрс ихэссэн. Түүнчлэн эрчимтэй явагдаж буй бүтээн байгуулалтын нөлөөнөөс байгаль орчныг хамгаалах асуудал газар тариалан, мал аж ахуйн энэ орны хувьд туйлын чухал юм.
ЖАЙКА-ийн хамтын ажиллагаа Монгол улсад 1990 оноос эхэлсэн билээ. Зах зээлийн эдийн засгийн хөгжилд хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгийн хөгжил, байгаль орчин хамгаалал, түүнчлэн зам гүүр, ундны ус гэсэн амьдралын гол судас болсон дэд бүтцийн хөгжилд манай мэргэжилтэн, сайн дурын гишүүд Монголчуудтай мөр зэрэгцэн эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчилсаар ирсэн билээ.
Өргөн уудам тал нутагтай Монгол орны хувьд, сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа ашигт малтмалын баялгаас гадна хөгжлийн асар их нөөц боломж бий. Энэхүү боломжоо ашиглан, тасралтгүй хөгжлийн замд хэрхэн хүрэх талаар Монголчуудтай хамтран хэлэлцэн, Япон улсын шинэлэг техник, технологийн ололтоос нэвтрүүлэн ажиллана.
Та бүхнийг Монгол улсад явуулж буй ЖАЙКА-ийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.