Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Цаг үе, үйл явдал

2019-05-28

Монголын анхны ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтарсан САТРЭПС төсөл амжилттай хэрэгжлээ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА нь хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлийг хамтын ажиллагааны нэг тулгуур болгон дэвшүүлж, аж үйлдвэрийг төрөлжүүлэх тал дээр Монгол улсын голлох аж ахуйн салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжин ажиллаж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд "Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсгэгддэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь" төслийг (САТРЭПС төсөл) хэрэгжүүлж ирлээ.

САТРЭПС төсөл нь дэлхийн олон улсад хэрэгждэг "Тогтвортой хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, Технологийн хамтарсан судалгаа" –ны хөтөлбөр бөгөөд эдүгээ дэлхийн 50 гаруй оронд хэрэгжиж байна. Монгол улсад анх удаа САТРЭПС төслийг 2014 оноос Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Мал Эмнэлгийн Хүрээлэн, Япон улсын Обихирогийн Мал Эмнэлэг, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран амжилттай хэрэгжүүлж, 2019 оны 5 сард хэрэгжиж дуусах төлөвтэй байна.

2019 оны 4-р сарын 18, 19-ний өдрүүдэд төслийн үр дүнг олон нийтэд танилцуулах нээлттэй семинар болон бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн эмч нарт зориулсан төслийн үр дүнг танилцуулах, адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн оношлуур, адууны хачгийн халуун, нийлүүлгийн өвчний фермент холбоот эсрэг биеийн урвалын оношлууруудыг хэрхэн ашиглах, дүн шинжилгээ хийх, нэр дурдсан өвчний үед өвчилсөн малд үзүүлэх клиник шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн өөрчлөлттэй танилцан, эмчилгээний аргад суралцах лабораторийн сургалтыг төслийн баг ХААИС болон Мал эмнэлгийн хүрээлэн дээр зохион байгууллаа.

Семинарын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Бодлогын Газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал С.Намсрайжав, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэл, Япон Улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Т.Мацухаши, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимура, ХААИС-ын захирал Т.Хэрүүга нар оролцон баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд төслийн Монгол талын удирдагч, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б. Батцэцэг, төслийн дэд удирдагч доктор, профессор Б.Баттөр төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар илтгэл тавьлаа. Семинарын үйл ажиллагаанд ХХААХҮЯ, МЭЕГ, МХЕГ-ын төлөөлөл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын газар, АДРА зэрэг олон улсын байгууллага, Хустайн байгалийн цогцолбор газар, Хомын талын тахь ТББ, нийслэл болон аймгуудын мал эмнэлгийн лабораторийн эмч, судлаач нар нийт 70 гаруй хүн оролцлоо.

"Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь" сэдэвт энэхүү төслийг ЖАЙКА болон Японы Эрүүл мэндийн шинжлэх ухааныг дэмжих сан хамтран 5 жилийн хугацаанд 4,8 сая орчим ам. доллараар санхүүжүүлсэн бөгөөд Монгол, Японы хамтарсан багийн судлаачид Монгол оронд өргөн хүрээнд судалгаа хийгдэж байгаагүй адуу, үхрийн хачгийн халуун, адууны нийлүүлгийн өвчин, бог малын анаплазмоз зэрэг 6 төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг мал, амьтны өвчний тархалт, эгэл биетэн цусны шимэгчийг дамжуулагч 7 зүйлийн бэлчээрийн хачгийн тархалтын зураглалыг сум, аймаг, улсын хэмжээнд нарийвчлан гаргаж, адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн болон адуу, үхрийн хачгийн халуун, анаплазмоз өвчнийг оношлох ийлдэс судлалын болон молекул биологийн нийт 9 шинэ арга, оношлуурыг тус тус бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна. Эгэл биетнээр үүсдэг нэр бүхий 4 өвчинтэй тэмцэх заавруудыг ХХААХҮЯамаар батлуулж орон нутгийн малын эмч нарт түгээсэн байна. Мөн төслийн судалгааны үр дүнгээр нийт 82 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэнээс 30 гаруй нь олон улсын импакт фактортой сэтгүүлд нийтлэгдэж олны хүртээл болсон байна.

Төсөл хэрэгжих хугацаанд Монгол талын 2 залуу судлаач Япон улсад докторын зэрэг хамгаалж, 2 судлаач Монголдоо магистрын зэрэг хамгаалан, нийт давхардсан тоогоор 50 гаруй удаа Монгол залуу судлаачид Японы Их сургуульд лабораторийн нарийн арга зүй эзэмшиж , орон нутгийн эмч нарт 6 удаа сургалт семинар зохион байгуулжээ. Мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны орчин, технологийн хүчин чадал нэмэгдэж Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лабораторит нийт 20 гаруй өндөр бүтээмжит шинэ багаж тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

Photo

Photo

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency