Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-02-17

Япон дахь сургалтанд оролцсон сэтгэгдэл

Галбадрах овогтой Тогос

Миний бие Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагаас Монгол Улсын Дээд Шүүх болон Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл"-д 2010 оны 5 сараас төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн билээ.

Хэдийгээр би өөрөө Японд хуулиар төгссөн хэдий ч "эвлэрүүлэн зуучлал"-ын талаар нарийн ойлголтгүй байсныг нуух юун. Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш, төслийг хэрэгжүүлэгч Зөвлөлийн гишүүдтэй хамтран энэхүү тогтолцоог шүүхэд нэвтрүүлэхэд шаардлагатай орчин бүрдүүлэх тал дээр хэлэлцүүлэг явуулах, эвлэрүүлэн зуучлагчид зориулсан сургалт зохион байгуулах, түшиц шүүхүүд дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахад шаардлагатай бэлтгэл ажилд өөрийн хэмжээнд хүчээ дайчилсаар ирсэн. Энэ явцад, би өөрөө ч бас Японы эвлэрүүлэн зуучлах тогтолцооны талаар мэдээлэлтэй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар ерөнхий төсөөлөлтэй болж ирсэн. Гэсэн хэдий ч, практик талын мэдлэг дутмаг санагдаж, сургалт зохион байгуулахад ч гэсэн олон талын мэдээлэл шаардлагатай байгааг мэдэрч эхэлсэн. Яг тэр үед Япон дахь "эвлэрүүлэн зуучлагчийн сургагч багш бэлтгэх" сургалтанд оролцох завшаан тохиосон юм.

Энэ сургалтын хүрээнд, гадаад хүмүүст тэр болгон танилцах боломж олддоггүй Японы дээд шүүх болон орон нутгийн шүүх, гэр бүлийн шүүх, эрх зүйн туслалцааны төвүүдээр танилцах аялал зохион байгуулагдсан. Түүнчлэн, өндөр түвшний мэргэжлийн багш нар эвлэрүүлэн зуучлалын талаархи сүүлийн үеийн онолуудын талаар, харилцааны онол ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамаарал, эвлэрлийн гэрээний зүйл боловсруулах тухай гэх мэтчилэн онол практикийг хослуулсан утга арвинтай, үр дүнтэй лекцүүдийг сонсож чадсан. Түүнчлэн, япон багш нар өөрсдөө ажиллагааг жүжигчилэн үзүүлж, сургалтад оролцогсод бид ч мөн энэхүү ажиллагааг жүжигчлэн хийж үзэх боломжоор хангагдсан нь сургалтын үр өгөөжийг улам дээшлүүлсэн гэж бодсон.

Энэхүү сургалтад хамрагдсанаар, японы эвлэрүүлэн зуучлалын практикийг илүү ойр мэдэрч чадсан. Монголын нөхцөлд ямар хэлбэрээр энэ тогтолцоог нэвтрүүлэх нь үр дүнтэй байх талаар хэлэлцүүлэг явуулах түвшинд бидний мэдлэг өргөжсөн нь авууштай байсан. Мөн сургагч багш нарын сургалтын арга барилаас ч мөн олон зүйлийг суралцсан. Ялангуяа оролцооны аргаар сургалт явуулах ач холбогдолыг сайн ухамсарлаж чадсан нь монголдоо төслийн хүрээнд зохион байгуулах сургалтуудад энэ аргыг давамгайлан нэвтрүүлэх хүслийг ундруулж өгсөн..

Сургалтаас харьж ирээд, Зөвлөлийн гишүүд хамтран сургалтаар суралцсан мэдлэгээ ашиглан эвлэрүүлэн зуучлах тогтолцооны талаархи сурталчилгааны зурагт хуудас болон танилцуулга хэвлүүлэн, шүүх дээр урсгах сурталчилгааны видео хийсэн нь бидний сургалтаас олж авсан мэдлэг хир бодит бөгөөд арвин байсныг илтгэх буй заа. Түүнчлэн, сургалтад хамрагдсан хүмүүс маань цаашид өөрсдийн олж авсан мэдээллээ бүрэн мэдлэг чадвар болгон эзэмшиж, эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтад багшлахдаа илүү бодит бөгөөд монголын нөхцөлд тохирсон мэдээллээр зуучлагчдыг хангах бүрэн боломжтой болсон гэж би бодож байна. Миний хувьд ч гэсэн төслийн ажилтны хувьд, сургалтаар олж авсан мэдлэгээ зуун хувь ашиглан монголын шүүхэд энэхүү тогтолцоог нэвтрүүлэх ажилд улам хичээн зүтгэх болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency