Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-02-15

Шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлах журмаар хэрэг маргаанаа шийдвэрлэж болно.

зураг

Дэлхийн олон оронд маргалдагч талуудыг шүүхээс өмнөх шатанд эвлэрүүлэн зуучилдаг үйл ажиллагаа хэдийнээ дэлгэрчээ. Эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд бий болгохоор Улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллага хамтран ажиллаж байна. Энэ талаар "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах" төслийн ахлах зөвлөх Ока Хидеотой ярилцлаа.

-Монголд шинээр нэвтрүүлж байгаа эвлэрүүлэн зуучлалын тухай юуны өмнө танилцуулахгүй юу?

- Иргэд үүссэн маргаанаа шийдвэрлэхэд шүүхэд хандахаас гадна энэ ажиллагааг сонгож болно. Өөрөөр хэлбэл, маргаанаа шийдвэрлэх арга хэлбэрт сонголтыг олшруулах зорилгоор энэ төсөл хэрэгжиж байна. Монгол улсад эвлэрүүлэн зуучлах тогтолцоо урьд өмнө нь огт байгаагүй, цоо шинэ хуулийн гарц. Монголын хувьд хүн ам цөөн, нэг нэгнээ сайн таньдаг. Хүмүүс аль болох эвтэй найртай нөхөрсөг байдлаар маргаанаа шийдвэрлэнэ гэдэг нь их чухал. Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд илүү дөт, зардал багатай, үр дүн сайтай гэж дэлхийн олон орон үзэж эрх зүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоор нэвтрүүлсэн байдаг. Манай төслийн хүрээнд, шүүх, өмгөөлөл, бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон төсөл хэрэгжүүлэх зөвлөл байгуулан ажиллаж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлах шинэ мэргэжлээр ажиллах хүмүүсийг бэлтгэх шаардлагатай болсон. Өнгөрсөн 2010 оны аравдугаар сараас хойш 60 гаруй эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгээд байна. Эвлэрүүлэн зуучлагч нарыг мэргэжлийн түвшинд сургах шаардлагатайн үүднээс өнгөрсөн нэгдүгээр сард Японд сургагч багш нарыг сургаж бэлтгэсэн. Мөн Японоос мэргэжлийн багш нарыг урьж сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа.

-Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд юуг хамгийн түрүүнд анхаарах вэ. Манай улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ямар байдлаар хэрэгжүүлж эхлээд байна вэ?

-Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд нэвтрүүлэхийн тулд юуны өмнө ард, иргэд зөв мэдээлэлтэй байх ёстой. Иргэдэд мэдээлэл олгох үүднээс сурталчлан таниулах ажиллагааг явуулж зурагт хуудас, танилцуулга хэвлүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн шүүх болон Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийг загвар шүүхээр сонгоод байгаа ба өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хоёр шүүх дээр эвлэрүүлэн зуучлах хэсгүүдийг байгуулж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг бодитоор хэрэгжүүлэн иргэдэд үйлчилж байна.

-Япон улсад энэ тогтолцоо ямар хэлбэрээр хэрэгждэг юм бэ?

-Япон улсын хувьд ямарваа нэгэн эрх зүйн маргаан үүссэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлье гэсэн ойлголт өргөн хүрээнд байдаг. Монголд аливаа маргаан үүслээ гэхэд шууд шүүхэд хандъя гэсэн хандлага одоогоор бий. Японд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх маргааны тоо жил бүр өссөөр байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хүмүүсийг хоорондоо ярилцаж, нээлттэйгээр асуудлаа шийдвэрлэх чадварыг бий болгодог. Улмаар цаашид найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр үлдээх, эв найрамдалтайгаар маргааныг шийдвэрлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай. Японд эвлэрүүлэн зуучлагч төрийн албан хаагчийн статустай байдаг. Төрийн албан хаагчийн цалин хангамж эдэлдэг. Энэ ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий эвлэрүүлэн зуучлагч нар явуулдаг. Тэд зуучлагч талуудыг харилцан ярилцахад дэмжин оролцдог.

-Эвлэрүүлэн зуучлах төвд иргэд хандлаа гэхэд хичнээн хэмжээний мөнгөн төлбөр төлөх вэ. Шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхээс онцлог, давуу талыг дурдахгүй юу?

-Эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандсанаар Монгол Улсын шүүхийн ачаалал багасч, төрийн нуруунаас төдий хэмжээний ачаалал хөнгөвчлөх боломжтой болно.Төслийн хүрээнд ажиллаж байгаа хоёр түшиц шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсгийн хувьд, зөвхөн зуучлалын хураамж гэж авч байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлдөг дөө. Тэр төлөх ёстой хураамжийн 40 хувийг зуучлалын хураамж хэлбэрээр төлнө гэхээр иргэдэд хямд тусч байгаа юм. Төлөх хураамж эвлэрүүлэн зуучлалыг дэмжих санд хуримтлагдаж ажиллаж буй зуучлагч нар тэндээсээ цалинждаг. Түүнээс биш зуучлагч нарт ямар нэгэн үйлчилгээний хөлс өгөх шаардлага байдаггүй. Эвлэрүүлэн зуучлал нь маргааныг зардал бага, хурдан шуурхай шийдвэрлэх боломжтойгоороо давуу талтай. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө нарийн шат дараалал, дэг журамтай тул эрх зүйн маргааны оролцогчдын цаг зав, мөнгө, сэтгэл санааны дарамт үүсгэдэг нь нууц биш. Ер нь хоорондын харилцаагаа нураахгүйгээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэдэг нь маш том давуу тал юм болов уу. Гэхдээ эвлэрсэн талууд эвлэрлийн агуулгыг шүүхийн шийдвэртэй адил албадлагаар гүйцэтгүүлэх боломжгүй. Манай энэ тогтолцоо нэвтрээд ирсний дараа иргэд анхнаасаа сонголтоо ухаалагаар ашиглаж ямар маргааны үед шүүхэд хандаж, ямар маргааны үед эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандах ёстойгоо ялгаж салгаж байх нь зүйтэй.

-Манай улсад хэрэгжиж буй цоо шинэ тогтолцооны хувьд хуульд ямар хэлбэрээр тусгах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд багц таван хуулийн төсөл боловсруулж байгаа. Уг хуулийн багцад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гэж тусад нь оруулахаар болсон. Манай төслийн зөвлөлийн гишүүд хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Иргэний болон гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэх бөгөөд аливаа маргаан шүүхэд хэрэг үүсгэхээс өмнө болон хойно аль ч шатанд эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандаж болно. Ард, иргэд өөрсдөө сонгох эрхтэй. Шүүхийн зүгээс ямарваа нэгэн албадлага байхгүй. Шүүгчийн зүгээс харин зөвлөж болно. Хэрэв эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандана гэвэл өргөдлөө гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

-Загвар болгон сонгосон хоёр шүүхийн үйл ажиллагааны явцыг танилцуулахгүй юу?

-Төслийн хүрээнд хоёр шүүхийг сонгоод даруй дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэг шүүх дээр ойролцоогоор 70 хэрэг шийдвэрлэсэн үр дүнтэй байна. Зөвлөгөө өгсөн нь 300 хол давсан. Эвлэрч чадсан хүмүүсийн хувьд сэтгэгдэл тун өндөр үлддэг. Монголд шинээр нэвтрүүлж байгаа хэдий ч иргэд олноор хандах сонирхолтой гэдэг нь харагдаж байна. Баянзүрх дүүргийн шүүх болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийнхэн дотоодын сургалт зохион байгуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах өрөө тасалгааг тохижуулах зэргээр идэвх санаачилга гарган ажиллаж байгаа нь сайшаалтай.

-Эвлэрүүлэн зуучлах төвд хандахад өмгөөлөгч авахгүй байж болох уу?

-Ерөнхийдөө бол өмгөөлөгч авах шаардлагагүй. Гэхдээ өөрөө хүсч байвал өмгөөлөгч авах эрх нь нээлттэй бий. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хаалттай явагддаг учир нууцлал өндөр гэсэн үг.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency