Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-02-15

Эвлэрүүлэн зуучлалын тухай асуулт, хариулт

Төслийг хэрэгжүүлэх зөвлөлийн гишүүн
П.Золзаяа

зураг

Асуулт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ

1. Япон улс шүүхийн бус журмаар буюу эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар маргааныг шийдвэрлэх талаар олон жилийн туршлагатай улс юм байна. Иргэний эрх зүйн маргааны 50 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэгддэг. Ер нь хүмүүс өөрсдөө л маргааныг бий болгодог, нэгэнт үүссэн ийм нөхцөл байдлыг хүмүүс өөрсдөө буулт хийх, бие биенээ ойлгох, уучлах, уучлалт гуйх, ямар боломж байна, тэр хэмжээгээр харилцан тохиролцож шийдвэрээ гарган маргааныг дуусгана гэдэг бол маш том соёл, ухамсар, хүнд байх л ёстой ухааны хэмжүүр юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргалдагч талууд хоорондоо харилцан ярилцаж, маргааныг өөрсдөө шийдвэрлэх процедурыг хэлдэг юм байна.

Асуулт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал нь юу вэ

2. Энэ бол маш хэрэгтэй, ийм аргаар маргааныг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй болохыг олон улс орон хүлээн зөвшөөрч, өөр өөрийн арга барилаар хэрэгжүүлж байгаа. Японд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх маргааны тоо жил бүр өссөөр байдаг, маргалдагч талууд ч эхний ээлжинд эвлэрэх ажиллагаанд оролцоно гэдэг ойлголттой болсон, энэ аргыг ганц шүүгч бус өмгөөлөгч, эрх зүйч, энгийн иргэд ч дэмждэг, улам боловсронгуй болсоор байгаа юм байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хүмүүс нэгэнтэйгээ ярилцаж чаддаг, нээлттэй байж чаддаг, найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр үлдээх, эв найрамдалтайгаар маргааныг шийдвэрлэдэг, цаг хугацаа, зардал хэмнэдэг олон давуу талтай . Энэ бол шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх арга юм.

Асуулт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа яаж хэрэгждэг юм бэ.

3. Энэ ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий эвлэрүүлэн зуучлагч явуулдаг, талуудыг харилцан ярилцахад дэмжиж оролцоно, талуудын ярьсан бүх зүйлийг нууцалж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэж тохиролцоход нь туслах зорилготой, оролцдог. Маргалдагч талуудын хувьд ч гэсэн олон баримт нотолгоо бүрдүүлэхгүйгээр зөвхөн харилцан ярилцах, ойлголцох хэмжээнд оролцох нь илүү хялбар, зардал бага байдаг. Ингээд ярилцсны үр дүнд тэдгээрээс шийдэл гарах магадлал илүү их байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, эвлэрүүлэх ажиллагаа гэдэг бол 2 өөр ойлголт. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эрх бүхий байгууллага явуулна, харин эвлэрүүлэх ажиллагаа бол шүүх дээр явагдана. Талуудын өөрсдийн шийдэл бодит амьдралд илүү их нийцдэг тул эвлэрүүлэх ажиллагаа ямар их хэрэгтэй болохыг дараах жишээгээр тайлбарлая. Ж: А нь найз Б-дээ 1 сая төгрөг зээлдүүлсэн. Дотнын итгэлтэй хүн учир гэрээ байгуулахгүйгээр мөнгөө өгсөн байж. Б хугацаандаа мөнгөө өгөөгүй тул А нь зээлдүүлсэн 10 сая төгрөг, хүү 1000000 төгрөгийг түүнээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б-д нэгэн өмгөөлөгч зөвөлгөө өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү төлөхгүй гэснийг Б мэдэж, хүү төлөхгүй гэж татгалзсан. Үнэхээр хуулинд зээлийн хүү тохирохдоо бичгээр гэрээг байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй. Энэ тохиолдолд эвлэрүүлэх ажиллагаа явуулж талуудыг уулзуулж ярилцуулахад магадгүй Б мөнгийг нь зөндөө л хэрэглэсэн, банкнаас авсан бол зээлийн хүү төлөх л байсан гэж ойлгоод 11000000 төгрөгийг тодорхой хугацаа заагаад төлье гэж тохирох, эсвэл А нь найз Б-г орлогогүй хэцүү байгаа юм байна гэдгийг ойлгоод хүү шаардахаа больё гэж шийдэх олон боломжууд бий. Ингээд дээрх байдлаар өөрсдөө маргаанаа шийдвэрлэх нь олон талын ач холбогдолтой юм. Ялангуяа гэрлэлт цуцлах маргаанд эвлэрүүлэх ажиллагаа маш их хэрэгтэйгээс гадна гэрлэлтийг цуцалсан ч хүүхдийн асрамж, эд хөрөнгө хуваах асуудалд энэ ажиллагаа хэрэгжих нь илүү их үр дүнтэй байдаг юм байна.

Асуулт: Манайд хэрэгжиж эхэлсэн үү.

4. Манайд Япон улсын Жайка-гийн Эвлэрүүлэн зуучлал төсөл хэрэгжснээс хойш өмгөөлөгчийн бүрэлдхүүнтэй байгуулагдсан Эвлэрүүлэн зуучлах төв ажиллаж байгаа. Үүнээс гадна энэ төсөл 2010 оноос " шүүх дэх эвлэрүүлэх ажиллагаа" гэсэн чиглэлээр Баянзүрх дүүргийн шүүх, Дархан уул аймгийн сум дундын шүүхэд туршилтын журмаар хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар гарын авлага, ном монгол хэл дээр хэвлэгдсэн, шүүгч, өмгөөлөгч, эрх зүйч нарын бүрэлдхүүнтэй сургагч багш нар бэлтгэгдсэн, мөн эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэсэн, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа эхэлсэн, тодорхой хэмжээнд явагдаж байгаа. Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

Асуулт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, давуу талын талын талаар товч ярина уу

5. Маргалдсан л бол хоёр тийш хараад суучихдаг юм биш, харилцан ярилцаад эвийн журмаар шийдэл гаргаж болдог энэ арга замыг хүмүүс ойлгож, сонгож хэрэглээсэй гэж бодож байна. Хэрэв шүүх дээр талууд эвлэрвэл шүүх эвлэрлийг баталж, эцэстээ эвлэрэл нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай болдог. Эсвэл шүүхэд бус Эвлэрүүлэн зуучлах төвд хандаж , энд эвлэрсэн гэж бодоход энэ баримт нь шууд шийдвэрийн нэгэн адил биелэгдэхгүй ч шүүхэд хандахад өөр нотолгоо баримт шаардахгүйгээр хурдан хугацаанд шийдвэрлэх боломжийг бий болгох юм. Шүүхэд ирж байгаа маргааны байдлаас харахад хүмүүс бие биендээ итгэдэг, эсвэл төрөл садан, найз нөхөд учраас баримтгүйгээр олон хэлцэл хийсэн байдаг. Эсвэл хэлцлээ бичгээр байгуулсан байлаа гэхэд тохирсон зүйлээ гэрээнд тодорхой тусгалгүй орхидог эсвэл буруу илэрхийлдэг зэрэг олон зүйлүүд гардаг. Дараа нь баримт байхгүй эсвэл гэрээний тодорхой бус нөхцлийг ашиглан нөгөө итгэж найдаж байсан хүн ярьж тохирсноосоо өөрөөр тайлбар гаргадаг байдал байдаг. Хоёр хүний хооронд чухам ямар тохиролцоо байв, хэн нь үүргээ биелүүлээгүй гэдгийг маргаж байгаа 2 хүн нотлохоос өөр хэн ч нотлохгүй. Хүмүүс шүүх үнэнийг олж өгсөнгүй гээд байдаг. Шүүх ингэж үнэнийг олдог газар биш харин баримтаа гаргаад нотолж чадаж байвал шийдвэр гаргаад эрхийг чинь хангаад өгье гэдэг л байгууллага юм. Тэгэхээр бүх зүйлд баримт нотолгоо гэхгүйгээр хүмүүс өөрсдөө маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх нь нэг талаасаа өөрсдөө ч гэсэн шударга ёсыг тогтоож байгаатай нэгэн адил юм.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency