Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-02-15

Эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэртэй адил хэрэгжих боломжтой.

зураг

Маргалдагч талуудыг шүүхээс өмнөх шатанд эвлэрэхэд нь тусалдаг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Монголд туршиж байгаа талаар манай сонин мэдээлсэн. Энэ удаад Баянзүрх дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсгийн зуучлагч Х.Оюунсүрэн, Д.Энхтунгалаг, Н.Болормаа, О.Батцэцэг нартай ярилцлаа.

-Өмгөөлөгчдийн хувьд ямар учраас Эвлэрүүлэн зуучлах хэсэгт ажиллах болов?

-Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагатай хамтран Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төсөл Баянзүрх дүүргийн шүүх болон Дархан-УУл аймгийн сум дундын шүүхэд туршилтын журмаар хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт арван өмгөөлөгч эвлэрүүлэн зуучлагчаар өнгөрсөн тавдугаар сарын 3-наас ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид маш амжилттай ажиллаа. Нийтдээ 87 хэргийг эвлэрүүлэн зуучлахаар ажилласнаас 80 гаруй хувь нь амжилттай болсон. Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтад ихэвчлэн өмгөөлөгчид хамрагдсан. Сургалт төгсөгчдөөс сонгон шалгаруулалт явуулж нийт өмгөөлөгчийг сонгон хоёр шүүх дээр ажиллуулж байгаа.

-Өмгөөлөгч хүний хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь манай улсад хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу?

-Эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор талууд хоорондоо эв нэгдэлтэй, эрх тэгш байдалтайгаар тохиролцоонд хүрдэг. Манай улсын хувьд хүн ам цөөтэй, маргалдагч талууд нь ихэвчлэн ах дүү, амраг садан, найз нөхөд байдаг. Тиймээс эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар маргаанаа шийдвэл найз нөхөд, ах дүү хэвээрээ үлдэх боломжтой.

-Шүүхээр маргаанаа шийдүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгох хоёр ямар ялгаатай вэ?

-Эвлэрүүлэн зуучлах замаар маргаанаа шийдвэрлэснээр цаг хугацаа хэмнэх боломжтой. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүхэд 100 хувь төлдөг бол эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд 40 хувийг нь үйл ажиллагааны зардал болгож авдаг. Ингэхээр эдийн засаг болон цаг хугацааны хувьд маш их ач холбогдолтой. Мөн шүүхээр хэргээ шийдүүлэхэд цөөнгүй бичиг баримт бүрдүүлдэг.

Үүнээс гадна шүүх хурлын танхимд ороод ярих, зөвхөн зуучлагчийн оролцоотойгоор хоёр тал ярилцах хоёр маш их ялгаатай. Бид хоёр талд илэн далангуй ярилцах боломж олгодог. Шүүхэд тэр бүр чөлөөтэй яриад, ойлголцож чаддаггүй. Мөн манай дээр эвлэрлийн гэрээ байгуулаад шүүхэд очлоо ч амьдарлынхаа нарийн ширийнээ дэлгээд байх шаардлага гардаггүй.

Шүүхэд хоёр тал ялах л зорилготой орж ирдэг. Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэг нэгэндээ буулт хийх замаар асуудлаа шийдэхийг зорьдог учраас аль аль талдаа ашигтайгаар эцсийн шийдэлд хүрдэг. Тиймээс ч эвлэрлийн гэрээний гүйцэтгэл маш сайн байдаг.

-Шүүхээр маргаанаа шийдвэрлэх үед маргалдагч талууд нэгнийхээ барааг харахгүй байсаар шүүх хурал дээр уулзах нь их. Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгосноор цөөнгүй уулзах уу?

-Нэхамжлэгч шүүхэд нэхэмжлэлээ өгсний дагуу долоо хоногийн дараа иргэний хэрэг үүсгэдэг. Үүний дараа хариуцагч талыг шүүхээс дуудсанаар 14 хоногийн дотор тайлбараа бичгээр өгөх болдог. Энэ мэтээр явсаар шүүх хуралдаан дээр уулзах болдог. Харин эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны хувьд анхны уулзалтаараа ч нэгдсэн шийдэлд хүрэх боломжтой. Ер нь удлаа гэхэд нэг сарын дотор маргаанаа эцэслэн шийдсэн байдаг. Гэтэл шүүхэд нэг маргааныг шийдүүлэхийн тулд 5-6 сар явдаг шүү дээ.

-Үйлчлүүлэгчээ хэрхэн сонгодог юм бэ?

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журамд зааснаар шүүхүүдийн мэдээлэл лавлагааны ажилтан өргөдөл, нэхэмжлэлээ өгч байгаа хүмүүст эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны талаар ярьж, санал болгодог. Тухайн хүн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгох эсэхээ өөрөө шийддэг. Мөн бидний үйл ажиллагааны тухай мэдээлэлтэй болоод өөрсдөө хандаж байгаа хүн ч олон байна.

-Танайхаар үйлчлүүлэхийн тулд заавал шүүхэд хандсан байх шаардлагатай юу?

-Үгүй. Шүүхийн шатнаас өмнө хандаж болно. Ингэсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг нь шүүгчид өгч захирамж гаргуулаад баталгаажуулдаг. Харин шүүхэд хандсаныхаа дараа биднээр үйлчлүүлбэл, эвлэрлийн гэрээг нь гаргаад шүүхэд өгчихдөг. Эвлэрлийн гэрээгээ аль нэг тал биелүүлэхгүй байвал албадан биелүүлэх боломжтой. Учир нь шүүгч захирамжаа гаргачихдаг. Тэгэхээр шүүхээр хэргээ шийдүүлснээс ялгаагүй. Өөрөөр хэлбэл, эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэртэй адил хэрэгжих боломжтой.

-Өмгөөлөгч зөвхөн үйлчлүүлэгчиддээ үйлчилдэг. Тэгвэл эвлэрүүлэн зуучилж байгаа өмгөөлөгчдөд ямар шаардлага тавьдаг вэ?

-Эвлэрүүлэн зуучлагч нь шударга ёс, тэгш эрх, хууль дээдлэх зэрэг үндсэн зарчмуудыг удирдлага болгон шүүгч, шүүхийн ажилтан, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг баримтлан маргалдагч этгээдүүдийн нууцыг хадгалж ажиллах ёстой. Мөн маргалдагч талуудыг харилцан зөвшилцөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.

Өмгөөлөгч гэдэг хэн нэгний эрх ашгийг хамгаалж нэг талд л үйлчилдэг. Гэтэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахад өмгөөлөгч гэдэг утгаараа биш хоёр талд эрх тэгш үйлчилж төвийг сахих ёстой. Хоёр талын сонирхлыг дээдэлж, тайлбарыг нь цэгцэлж санал тавих ёстой. Санал нь хоёр талд хоёуланд нь ашигтай байх учиртай. Эвлэрснийхээ дараа хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун үлддэг учраас сайхан байдаг.

Бидний хувьд маш шинэлэг ажил л даа. Бид чиглүүлдэг ажил хийдэг байсан бол хоёр талын үгийг тэвчээртэй сонсч, хоёр талыг эвлэрүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь шинэлэг байна л даа.

-Танайхаар үйлчлүүлэхдээ өмгөөлөгч авах шаардлага гарах уу?

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нууцын зэрэглэлтэй байдаг онцлогтой. Хэрвээ хоёр тал хүсвэл өмгөөлөгчтэй орж болно. Одоогоор өмгөөлөгчтэй орж ирсэн тохиолдол гараагүй.

-Эвлэрүүлэн зуучлах замаар ихэвчлэн ямар хэргийг шийдэж байна вэ?

-Зээлийн гэрээнээс үүссэн маргаан ихэвчлэн ирдэг. Мөн гэр бүл, тэр дундаа эд хөрөнгөө хуваах, хүүхдээ хэний асрамжид үлдээх, хэн нь тэтгэлэг өгөх вэ гэх маргаан их ирдэг. Үүнээс гадна хөдөлмөрийн маргаан ч орж ирж байгаа. Ер нь төсөлд тусгаснаар одоохондоо иргэний болон гэр бүлийн маргааныг шийдэж байна.

-Танайхаар үйлчлүүлээд салах гэж байснаа эргээд эвлэрсэн хос бий юү?

-Бий. Нөхөр нь архи ууснаас болж салах хэмжээнд хүрч хөрөнгөө хуваах гэж байсан хосууд үйлчлүүлсэн. Тэд ярилцаж нөхөр нь уучлал гуйснаар эвлэрсэн.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эхэлснээс хойш шүүхийн ачаалал хэр буурсан бол?

-Энэ бол шүүхтэй хамтарч ажиллаж байгаа төсөл. Тиймээс ч шүүхэд ирчихсэн маргаантай асуудлыг эвлэрүүлэн зуучлахыг зорьдог. Шүүх маргааныг хялбаршуулсан аргаар шийддэг ч цаг хугацаа, ажил их ордог. Тэр маргаануудыг нь шийдсэнээр шүүхийн ачаалал буурч байгаа. Шүүхэд гэр бүл салалтын хэрэг маш их ирдэг. Хэрвээ Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай хууль батлагдаж, гэр бүлийн маргааныг бүхэлд нь эвлэрүүлэн зуучлах замаар шийддэг болчихвол шүүхийн ачаалал улам буурна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency