Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-02-15

Энхзаяа: Эвлэрүүлэн зуучлах төв маргааныг богино хугацаанд оновчтой шийддэг

зураг

Дэлхийн олон оронд хэдийнэ дэлгэрсэн маргалдагч талуудыг шүүхээс өмнөх шатанд эвлэрүүлэн зуучилдаг үйл ажиллагаа Монголд бий болоод нэг жилийн нүүр үзэж байгаа билээ. Манай улсад урьд өмнө нь огт хэрэгжиж байгаагүй, цоо шинэ хуулийн гарц энэ юм. Манайх шиг хүн ам цөөн, нэг нэгнээ сайн таньдаг монголчуудын хувьд эвтэй найртай нөхөрсөг байдлаар аливаа маргаанаа шийдвэрлэж чадна гэдэг нь иргэн хүндээ цаг мөнгө хэмнэсэн байж чадах бөгөөд шүүхийн ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагаас эвлэрүүлэн зуучлах туршилт ажиллагааг хэрэгжүүлэх түшиц шүүхээр Баянзүрх Дүүргийн шүүх болон Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийг сонгон энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Одоогийн хандлагаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан үйлчлүүлэгчид цаг хугацаа хэмнэхээс гадна зардал багатай, үр дүн сайтай гэж талархалтай хүлээн авч байгаа аж. Эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор эв найрамдалтайгаар маргаанаа шийдвэрлүүлэх нь цаашид найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр хадгалах, хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой гэх зэрэг давуу талууд олон бий гэдэг нь харагджээ. Эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд бий болгохоор ажиллаж буй нүдээ олсон үйл ажиллагаа явуулж байгаа "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл"-ийн үйл ажиллагааны талаар манай сонин мэдээлэл хүргэсээр байгаа билээ. Энэ удаа тус төвөөр үйлчлүүлж богино хугацаанд хэрэг маргаанаа шийдвэрлүүлж яваа багш, орчуулагч н.Энхзаяагийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр Японы хөрөнгө оруулалттай компанид ажилладаг аж.

-Та Эвлэрүүлэн зуучлах хэсэгт ямар асуудлаар хандах болов?

-Би 2011 оны наймдугаар сард хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж Баянзүрх Дүүргийн шүүхээр нэлээн цаг хугацаанд явсан. Энэ явцад шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэг гэж байдгийг олж мэдсэн. Анх хүлээж авч байгаа байдлаасаа л энэ хэсгийн үйл ажиллагаа надад их таалагдсан. Энэ хэсэгт ажилладаг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргалдагч нөгөө талын хүнтэйгээ уулзаж юун дээр маргаад байгаагаа нарийн сайн тогтоолгосон. Гэтэл шүүх тэд хоногийн дараа ир гэхээс өөр тодорхой зүйл хэлдэггүй шүү дээ. Эвлэрүүлэн зуучлах хэсэг дээр хоёр хүнийг хооронд нь нүүр тулан уулзуулж маргалдуулахаасаа илүү эвлэрүүлдэг нь надад боломжийн санагдсан. Төрийн байгууллагад өнөөдөр хүнд суртал байгаа юу байгаа нь үнэн. Тийм учраас шүүхээр явсан бол миний асуудал ийм хурдан хугацаанд шийдэгдэхгүй байх байсан болов уу. Үйлчлүүлж байгаа хүмүүсийг харж байхад маргалдаж эхэлснээ сүүлдээ эвлэрэх тал руугаа орчихдог юм билээ.

-Таны хувьд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох явц бүрэн шийдэгдэж чадав уу?

-Шийдэгдсэн. Гэхдээ охины маань эцэг бэлэн мөнгө өгөхгүй, охиныхоо нэр дээр данс нээлгэе гэсэн хүсэлт гаргасан учраас тэр дагуу асуудал шийдэгдсэн. Одоогоор эвлэрлийн гэрээ байгуулаад мөнгө хийж байхаар тогтсон байгаа.

-Та Эвлэрүүлэн зуучлах хэсэгт ханджээ. Маргаанаа бүрэн шийдүүлэх боломжтой юм байна уу?

-Нөгөө талын хүн мөнгөө хийнэ гэдэг нь баталгаагүй болохоор тодорхой хугацаа харж байгаа. Гэхдээ эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргалдагч талтайгаа хэл амаа сайн ололцож чадсан. Хэрэв дансанд мөнгө өгөхгүй бол эвлэрүүлэн зуучлах хэсэг дээр байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шүүхэд хүсэлт гаргаж, гүйцэтгэх хуудас бичүүлж шүүхээр албадан гаргуулаарай гэж зөвлөсөн. Өнөө маргаашдаа хүлээгээд байж байна. Маргалдагч талын хүн утсаа авахгүй бол асуудал удааширна гэсэн үг. Эвлэрүүлэн зуучлах хэсэг шүүхийг бодвол эрх мэдэл багатай. Хэрэв эрх мэдлийг нь өндөрсгөөд өгчих юм бол хүндрэл багатай үйлчлэгчдийнхээ сэтгэлд хүртэл асуудлыг шийдээд өгөх боломжтой юм билээ.

-Энэ төвөөр үйлчлүүлэх нь шүүхээр явсанаас дээр гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Шүүх тийм бичиг баримт хэрэгтэй гээд олон дахин явуулдаг. Түүний хажуугаар манай хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээг авна гээд нэлээд хугацаа алдуулсан . Тэгээд шинжилгээгээ өгөөд хариу нь наймдугаар сарын дундуур гарсан ч шүүхийн туслахын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод мөн 14 хоног алдуулсан. Хариу гарсны дараа дахиад Эвлэрүүлэн зуучлах хэсгийн хүнд хандсан. Шүүх хурал дээр нөгөө хүн цагтаа ирэхгүй нэлээд хүлээлгэсэн. Энэ үедээ бас л мөнгөө төлөх дургүй байсан. Сүүлдээ хүүхдээ авна гэж аль болох энэ асуудлаас зугатахыг оролдоод байгаа. Гэхдээ Эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсаны хүчинд асуудал эерэгээр шийдэгдэнэ гэж найдаж байна.

-Ингэж явахад хэдэн төгрөгний зардал гарав?

-Эцэг тогтоолгох шинжилгээ хийхэд 15,900 төгрөг болсон. Уул нь нөгөө талын хүн л 100 хувь төлөх ёстой юм билээ. Гэсэн ч тэр чи л хөөцөлдөж байгаа юм чинь гээд хүлээж авахгүй байсан. Эвлэрүүлэн зуучлах хэсгийн зүгээс ч гэсэн 50,50 хувиар нь төлчих юм бол асуудал хурдан шийдэгдэнэ гэсэн. Бичиг баримт хөөцөлдөхөд 20,30 мянган төгрөг орсон. Нэмж хэлэхэд цаг хугацааг хэмнэж, асуудлыг оновчтой шийдэж өгдөг нь маш зүйтэй санагдсан. Тиймээс миний хувьд хүмүүст хэрэгтэй энэ хэсэг энэ чиглэлээрээ сургалт зохион байгуулаад байвал илүү олон хүн хамрагдах талтай юм билээ.

-Иргэн С.Базарова

-Та юуны учир Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандах болов?

-Надаас найз хүүхэн маань 500 мянган төгрөгийн бараа авсан. Тэгээд өгөхгүй удаад байхаар нь Эвлэрүүлэн зуучлах хэсгийн ажилтантай уулзаж зөвлөгөө авсан юм. Гэтэл нөгөө хүүхэн рүү холбогдоод дор нь биднийг уулзуулсан. Би хувьдаа их баярлаж байгаа. Бидэн шиг тэр болгон шүүхээр явж хөөцөлдөөд явж чадахгүй ядарсан хүмүүст амар юм билээ. Үнэ төлбөр ч багатай. Би өмнө нь хуулийн байгууллагаар олон удаа явж байсан. Гэхдээ ийм хоёр хүнийг хооронд нь уулзуулж газар дээр нь асуудлыг шийдвэрлэн чин сэтгэлээсээ үйлчилдэг байгууллагатай таарч байгаагүй. Хүмүүст их хэрэгтэй зүйл гэж ойлгож байгаа. Жижиг сажиг маргааныг шүүх гэж явж байхын оронд энэ хэсэг дээр очоод шийдвэрлүүлчихвэл дорхноо л шийдэгдэх юм билээ.

-Таны асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх вэ?

-Нөгөө талын хүн энэ сарын 30-нд өгнө гэсэн. Ажилтнууд нь ч иргэдэд үнэхээр тус болох үүднээс ханддаг юм билээ. Бараагаа авна гэдэгтэй ч итгэлтэй байгаа. Манай найз ч энэ хэсгээр үйлчлүүлээд асуудлаа шийдвэрлүүлж байгаа гэсэн. Одоо ч тэгээд хүн хүндээ итгэхийн аргагүй болсон байна шүү дээ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency