ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар

Цаг Υеийн Υйл явдлууд

“Миний мөрөөдлийн хот-Бидний оролцоо” гар зургийн уралдаан

[photo]Хичээл дээрээ зураг зурж буй хүүхдүүд

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь ЗТБХБЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ШУТИС, МУБИС, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний судалгааны баг хамтран “Миний мөрөөдлийн хот - Бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний судалгаа“-ны хүрээнд хүүхдүүдэд иргэдийн оролцоотой хот байгуулалтын ач холбогдлыг ойлгуулах үүднээс хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, зураач Т.Нурмаажав нар “Хотын үлгэр“ зурагт номыг зохиосон юм. Энэ оны 8-р сараас 10-р сарын хооронд нийслэлийн 4 сургууль дээр тус зурагт номоор хичээл зааж, гар зургийн уралдаан зохион байгуулсан юм. Уралдаанд 24, 39, 45-р сургуулиуд, Сэтгэмж цогцолборын 5-р ангийн сурагч нийт 657 хүүхэд оролцсон байна.


[photo]Тэргүүн байрын шагналт бүтээл

Зурсан зургаараа дамжуулан хүүхдүүд өөрсдийн амьдардаг хотоо ирээдүйд хэрхэн сайхан болгох тухай саналаа илэрхийлжээ. Тухайлбал, зүлэг мод тарих, гялгар уут хэрэглэхгүй, бохир усаа хаа хамаагүй асгахгүй, тамхины ишээ ой модонд хаяхгүй, нүүрс хэрэглэхгүй байх, хогоо зөвхөн хогийн саванд хаях, голоо бохиртуулахгүй байх, зам гарахдаа гарцаар гарах, ой модоо огтлохгүй байх, тоглоомын талбайн тоглоомоо эвдэхгүй байх, байгаль орчноо хогийн сав шиг болгохгүй байх зэрэг олон санал гарчээ.

Мөн тэд хүүхдийн парк байгуулах, гудамжны гэрлээ нэмэгдүүлэх, гудамжинд тамхи зарахыг багасгах, шарилж ургамлыг устгах гэх мэт хүсч байгаа зүйлсээ ч зуржээ. Уралдаанд нийт 657 хүүхэд оролцсноос эхний шатанд 50 хүүхэд шалгарч, эцсийн шатанд 28 хүүхэд үлдэж шагналт байруудад шалгарчээ.

Уг уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүд болон хамтран зохион байгуулсан оюутан залуучууд, төр захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, сайн дурын гишүүддээ талархал илэрхийлье. Мөн гайхалтай сайхан санаанууд гаргасан хүүхдүүдээ цаашид ч урамшуулан дэмжиж, ирээдүйд мөрөөдлийн сайхан хотоо байгуулахын төлөө томчууд хүүхдүүдтэйгээ хамтран ажиллахыг хүсье.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency