Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-01-17

Эвлэрүүлэн зуучлал ба сайн засаглал

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш хагас жил өнгөрчээ. Энэ хагас жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэх зөвлөлийг байгуулан, удирдамж боловсруулан, эвлэрүүлэн зуучлагч болох сонирхолтой хүмүүсийг бүртгэн, эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтыг удаа дараалан явуулж ирлээ. Одоогийн байдлаар шүүхэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэх энэхүү төслийн үйл ажиллагаа сайн явагдаж байна гэж ойлгож болно.

Японд эвлэрүүлэн зуучлагчийн тухай олон ангит телевизийн кино хүртэл байдагчилан энэхүү тогтолцоо нь ард иргэдийн дунд сайн танигдаж чадсан байдаг. Монголын хувьд, хэдэн жилийн өмнө бол "эвлэрүүлэн зуучлал" гэдэг үг огт байгаагүйгээс харахад энэ нь эрх зүйн салбарын шив шинэхэн тогтолцооны нэг юм. Тиймээс, одоогийн байдлаар монголын шүүгч, өмгөөлөгч болон бусад хуульчдийн дунд эвлэрүүлэн зуучлалын талаар хангалттай ойлголттой хүн бараг байхгүй байна.

Манай төслийн хувьд, Японы засгийн газраас монголын эрх зүйн салбарыг дэмжих төсөл гэдэг үүднээсээ эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлсэнээр монголд сайн засаглалыг тогтооход хувь нэмэртэй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж боддог. Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлсэнээр иргэд шүүхэд хандах явцад маргаан шийдвэрлэх арга хэлбэрийн хувьд сонголттой болох, хялбар хэргийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэснээр шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа илүү нухацтай болох, маргалдагч талууд сэтгэл ханамжтай байдлаар шийдлээ олсоноор уг маргааныг үндсээр нь таслан зогсоох боломжтой болох гэх мэт олон ч ач холбогдлыг энд тоочиж болно. Гэхдээ, эвлэрүүлэн зуучлах тогтолцоог хэрэгжүүлэх арга хэлбэр ямар байхаасаа шалтгаалаад иргэдийн шүүхэд хандах эрхийг боогдуулах, талуудыг үл хүлээн зөвшөөрөхүйц агуулгаар тохиролцохыг албадах гэх мэт аюулыг ч мөн дагуулдаг болохыг үгүйсгэх юун.

Монголын шүүх одоогийн байдлаар эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхэд нилээн санаачилгатай хамтран ажиллаж байна. Гэвч, эрх зүйн ардчилсан тогтолцоо нэвтрээд удаагүй, өмнө хэлсэнчилэн хуульчид эвлэрүүлэн зуучлалын талаар хангалттай ойлголтгүй байгаа энэ үед өнгөцөөр эвлэрүүлэн зуучлах тогтолцоог шүүхэд нэвтрүүлсэнээр үнэхээр сайн засаглалыг тогтооход хувь нэмрээ оруулж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Тиймээс, цаашид эвлэрүүлэн зуучлах тогтолцоог монголын хөрсөнд буулгахын тулд шүүгч, өмгөөлөгчдийн ойлголтыг гүнзгийрүүлж, энгийн ард иргэдийн дунд ч гэсэн "эвлэрүүлэн зуучлах тогтолцоо чинь ач холбогдол өндөртэй юм байна" гэсэн ойлголтыг төрүүлэх шаардлагатай гэж би бодож байна. Түүнчлэн, хамгийн чухал нь шүүхийн хувьд ач тус ихтэй тогтолцоо байхаасаа илүүтэйгээр ард иргэддээ ач тус ихтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. Энэ бол маш чухал бөгөөд ярвигтай асуудал.

Энэ төслийн үйл ажиллагаа цаашид ямар байдлаар үргэлжлэх бол? Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ямар хэлбэрээр монголд хөгжих бол? Энэ тал дээр, миний дотор маш их сонирхон хүсэн хүлээх хүсэл болон бага зэрэг санаа зовох зовнил хоёр ээлжлэн төрж байна.

Манай төслийн зүгээс энэ веб хуудсаараа дамжуулан үйл ажиллагааныхаа явцыг та бүхэнд тодорхой танилцуулахаар төлөвлөж байна. Та бүхэн ч гэсэн эрх зүйн салбарт ийм үйл ажиллагаа хэрэгжиж байгаа юм байна гэж сонирхон орж үзвэл бид баяртай байх болно.

JICA урт хугацааны мэргэжилтэн Ока Хидео

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency