Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-06-25

ЯПОНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
(2013 оны 5 сарын сүүлчээс 6 сарын эхэнд)

2012 оны 9 сард байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), бүтцийн өөрчлөлт хийгдсэн Боловсролын хүрээлэн болон БШУЯ-нд өнөөг хүртэлх багшлахуйн арга зүйг дээшлүүлэх төслийн үйл ажиллагаанд шууд байдлаар оролцоогүй ч Монгол Улсын боловсролын шинэчлэлд чухал үүрэгтэй оролцож буй хүмүүс цөөнгүй байдаг. Тус төслийн үйл ажиллагааг БМДИ-д шилжүүлэн өгөхийн хамт JICA байгууллагыг зүгээс өнөөг хүртэл боловсролын салбарт үзүүлж ирсэн дэмжлэгийг боловсролын шинэчлэлд үр дүнтэй ашиглуулах зорилгоор эдгээр байгууллагын холбогдох хүмүүсийг Япон дахь сургалтад оролцуулан, Япон Улсын боловсролын тогтолцоо болон боловсролын агуулга зэргийн талаарх тэдний ойлголт мэдлэгийг гүнзгийрүүлэх шаардлага тулгарсан.

Иймд БШУЯ болон Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн холбогдох хүмүүст зориулан дараахи хөтөлбөрийн дагуу Япон дахь сургалтыг зохион байгууллаа.

Багийн нэр Оролцогчид (Хүний тоо) Сургалтын гол агуулга Хугацаа
Боловсролын тогтолцооны баг БШУЯ, Боловсролын хүрээлэн (10 хүн)
  • Японы боловсролын тогтолцоо
  • Боловсролын стандарт, хөтөлбөр
  • Сурах бичгийн тогтолцоо ба боловсруулах аргачлал (Сурах бичгийн судалгааны төв, Кэйринкан)
  • Багш бэлтгэх тогтолцоо
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо (Багшийн мэргэжил дээшлүүлэх төв)
  • Боловсролын үнэлгээ
  • Нийгмийн ухааны боловсрол
  • Сайтама их сургуулийн Боловсролын факультетийн харьяа дунд сургуулийн хичээлийн судалгааны хэлэлцүүлэг
  • Дунд сургуультай танилцах (Нэрима дүүргийн Ооизүми 2-р дунд сургууль, Хикаригаока 1-р дунд сургууль)
  • Ахлах сургуультай танилцах (Токио хотын Хигаши-Ямато ахлах сургууль)
20-31/V
Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцооны баг БМДИ (10 хүн)
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо (Багшийн мэргэжил дээшлүүлэх төв, Токио хотын Багш ажилтны сургалтын төв)
  • Сайтама их сургуулийн Боловсролын факультетийн харьяа дунд сургуулийн хичээлийн судалгааны хэлэлцүүлэг
  • Сургуулиудын боловсруулсан төрөл бүрийн төлөвлөгөө
  • Байгалийн ухаан, бага ангийн Математикийн хичээлийн бэлтгэл судалгааны дадлага ажил
  • Байгалийн ухаан, бага ангийн математикийн хичээлтэй танилцах
27/V-7/VI

Сургалтад оролцсон зарим оролцогчдын сургалтын талаарх сэтгэгдлийг дор танилцуулав.

Япон дахь сургалтад хамрагдсан тухай сэтгэгдэл
(Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцооны баг)

БМДИ-ийн Дэд захирал О.Оюунтунгалаг

"Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл" Монгол улсад маань 3 жилийн хугацаанд хэрэгжээд үр дүнгээ тооцон, төслийн тогтвортой байдалд нэлээд анхааран ажиллаж байна.

Тийм ч учраас, үндэсний хэмжээнд дахин байгуулагдсан БМДИ-ийн арга зүйчдийг чадавхижуулахад анхааран хамтран ажиллан төслийн үр дүнгээ "Эзэнтэй" үлдээж, төслийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх гэж сэтгэл зүтгэл гаргаж байгаад хамт олныхоо өмнөөс болон монголын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байгаа багш нарын хамт олны өмнөөс талархал илэрхийлмээр байна.

Би энэхүү сэтгэгдлээ гурван зүйлд төвлөрч бичиж, та бүхэнтэй саналаа хуваалцах үүднээс маш товчхон байдлаар илэрхийлэхийг оролдож байна. Хамтран ажиллагч тал буюу төслийн багийн бүхий л үйл ажиллагаа нь "Хүнийг дээдэлсэн, хүний төлөө үйлчилгээ"-г жинхэнэ утгаар нь үзүүлж байгаа нь дараах үе шат бүрт анзаарагдаж, цаанаа л надад "Цагаахан атаархал" төрж, бид удахгүй ийм болно доо гэсэн бодол төрж байснаа нуух юун...

Нэг. Сургалтын бэлтгэл үе

Аливаа зүйл амжилттай байх нь түүний бэлтгэл, төлөвлөлтөөс шууд хамааралтай байдаг гэдэгтэй санал нийлэх байхаа...

Биднийг сургалтад хамруулах үйл ажиллагааг төлөвлөсөн өдрөөс эхлэн тэрхүү үйл ажиллагаагаа руу маш ихээр анхааран ажиллаж байгаа нь надад маш их таалагдсан. Япон улсад очиж сургалтад хамрагдах хүртэлх хугацаанд бидэнд зөвлөгөө өгч, сургалт семинар зохион байгуулж, холбогдох мэдээлэл болон материал хэрэглэгдэхүүнээр хангаж байгаа нь хүний төлөө үйлчилгээ үзүүлж байгаа нэгдэх илрэл... Хэрэв асууж тодруулах зүйл гарвал тухай бүр нь хариулт өгч, боломжгүй тохиолдолд дараагийн удаад судалж заавал хариу өгөх, эргэх холбоо тогтоож, мэдээлэл өгч байгаа зэргээс суралцах зүйл маш их байлаа. Эдгээр бэлтгэл сургалт-семинарын дараа бодуулсон, эрэгцүүлсэн, дүн шинжилгээ хийлгэх алхамуудыг тогтмол төлөвлөн хийлгэж байгаа нь цаанаа л "хүний төлөө" гэсэн үзэл санааны цаана "хариуцлага" гэдгийг мэдрүүлж байгаа нь үнэхээр чухлаас чухал байсан.

Хоёр. Сургалтын явцын үе

Сургалтын хугацаа сургалтын агуулгатайгаа маш их тохирсон байгаа нь сургалтын арван дөрвөн өдрийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа. Сургалтын агуулга, арга зүй бүр нь бидэнд үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжих боломж олгох арга зүйд багшийг сургах, хөгжүүлж дэмжихэд "Ус, агаар" адил хэрэг болох зүйлийг сонсгож-сонсож, ярьж- яриулж, үзүүлж-үзэж, хийлгэж-дүгнүүлж байсан нь мөн л хүний төлөө, хүний хөгжлийн төлөө үйлчилгээ үзүүлж байгаагийн хоёрдах илрэл...

Гурав. Сургалтын төгсгөл үе

Сургалтын өдрийн төгсгөлд болон долоо хоног бүр дүгнэлт хийлгэн, хүн бүрийн сонссон, мэдсэн, сурсан зүйлийг харилцан яриулж, нэгтгүүлж байгаа нь цагийн юмыг цагт нь хийж сурч байгаагийн зэрэгцээ хүн бүрт "Хариуцлага " гэдгийг дахин мэдрүүлж та ийнхүү сурснаар "Өөрийнхөө төлөө хөгжиж" байгааг ойлгуулж, энэ нь Японы багш нарын "Соёл" болтлоо хөгжиж, хүүхэд бүрийг чадварт сургаж чадаж байгаа нь үнэхээр бас нэг суралцах зүйл байлаа.

Мөн, арван дөрвөн хоногийн дараах сургалтын үнэлгээний уулзалтаас бас л их зүйлийг анзаарч суулаа. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн сул ба ололттой талыг эелдэгээр асууж маш нарийн зүйлийг тодруулж байгаа нь бидний хичээлдээ хэрэглэх гэж төлөвлөдөг "асуулт"-ын ач холбогдолыг бага ч гэсэн харж болохуйц байлаа...

Нэг хоногийн өмнө сургалтын төгсгөлийн асуулга үнэлгээтэй танилцаад тодруулах шаардлагатай болон зарим нэг оролцогчийн хэлэх гэж тэмдэглэсэн санааг бусадтай хуваалцах боломж олгож байгаа нь бас л хүний төлөө, хүнийг дээдэлсэн байдлын илрэл...

Энэ бүгдээс харахад Япон хүн бүрийг ийм чадвартай болгон хөгжүүлж, хүмүүжүүлж чадаж байгаа боловсролын бодлого, сургалтын агуулга, арга зүй-технологи, үнэлгээний систем түүнчлэн бүх шатандаа нэг зорилготой, уялдаа холбоотой үйл ажиллагаагаа хамтран хэрэгжүүлж, хамтдаа амжилтанд хүрч байгаа сайн туршлагаас бид санаа аван, хэрэгжүүлж өөрийн гэсэн үндэсний онцлогтой зүйлийг гаргаж, бие биеэ дэмжсэн, өөртөө итгэлтэй, асуудлыг олон талаас нь харж шийдэж чаддаг, шударга, хүлээцтэй "Маргаашийн мандах нар" болж ирээдүйд аз жаргалтай амьдарч ажиллах хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа хөгжицгөөе.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency