ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2023 оны 5 дугаар сарын 22-нд тус төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн дөрөв дэх удаагийн хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг Япон, Монгол хоёр орны холбогдох хүмүүс хамтран хэлэлцэж шийдвэрлэдэг хурал юм.
Энэхүү хурлыг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж, нийт 33 хүн оролцсон. Түүнчлэн хурлын явцыг Японоос оролцогчдод зориулан цахимаар шууд дамжуулсан.
Энэ удаагийн хурлыг нээж Монгол Улсын БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Цолмон, ЖАЙКА-гийн Хүний хөгжлийн газрын дэд дарга Кобаяаши Мияако нар үг хэлсний дараа, төслийн ерөнхий менежер Сүзүки Саяака 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны хэрэгжилт, Төслийн хүрэх үр дүнгийн (PDM) биелэлтийг тайлагнасан. Мөн БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн мэргэжилтэн С.Пүрэвсайхан, Боловсролын ерөнхий газрын Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Э.Чулуунхишигт, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүн Ч.Отгонцэцэг нар Хамтарсан зохицуулах зөвлөлийн гурав дахь удаагийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнав. Хурлын үйл ажиллагааг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар чиглүүлж, төслийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл дууссаны дараах тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах тухай болон Зорилт 4-ийн хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хэлэлцсэн.
Төгсгөлд нь хурлыг хааж ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимүра Токүжи үг хэлэв. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх хүнийг боловсролд хамрагдах эрхээр хангахын тулд цаашид ч холбогдох хүмүүс хамтран ажиллах шаардлагатай болохыг тэрээр дурдсан юм.
Төсөл дуусах хүртэлх нэгхэн жилийн хязгаарлагдмал хугацаанд тэгш хамран сургах боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, төсөл дууссаны дараа ч түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж хэвшүүлэх үүднээс тус төсөл тэгш хамран сургах боловсролын тогтолцоо бүрдүүлэх ажилд цаашид ч анхаарч ажиллах болно.