12-р сарын 3, Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хэнийг ч орхигдуулахгүй байх нийгмийг бүтээхийн төлөө

2025.12.02

12-р сарын 3-ны өдөр бол Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” бөгөөд нийгмийн амьдралд хүн бүхэн тэгш эрхтэйгээр оролцох боломжтой орчныг бүрдүүлэхийг дэлхий дахинд уриалдаг билээ. Монгол Улсад ч мөн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, боловсролын орчныг сайжруулах олон ажлууд хийгдэж байна.

ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газраас 2015-2024 онд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”, 2016-2020 онд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл", 2021-2025 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, эдгээр төслүүдээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, боловсролын үйлчилгээний тогтолцоог бий болгох, холбогдох мэргэжилтнүүдийг сургах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бий болгох тал дээр анхааран хамтран ажиллаж ирсэн билээ.

Өнөөдрийн байдлаар “Монгол дахь бие даан амьдрах төвийн чадавхыг хөгжүүлэх төсөл" хэрэгжиж буй бөгөөд төслийн хүрээнд бие даан амьдрах төвийн үйл ажиллагааг чадавхжуулах, хувийн туслах үйлчилгээний ажилтнуудыг сургах ажлуудыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн хүсэл зоригийн дагуу бие даан амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг дэмжих салбарт хэд хэдэн сайн дурын ажилтан ЖАЙКА-гаас томилогдон идэвхтэй ажиллаж байна.

ЖАЙКА нь дээрх төслүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд бие даан, нэр төртэй амьдрах боломжтой нийгмийг бий болгохыг зорьж буй бөгөөд бид хэнийг ч орхигдуулахгүй байх нийгмийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно.

\SNSでシェア!/(現地語)

  • X (Twitter)
  • linkedIn
トピックス一覧(現地語)