Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэллийн хүртээмжтэй байдлын талаар семинар зохион байгууллаа.
2024.06.04
5-р сарын 29-ний өдөр Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Хэвлэл мэдээллийн зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-тэй хамтран Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэллийн хүртээмжтэй байдлын талаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон олон нийтийн байгууллагуудад зориулсан семинар зохион байгууллаа.
Япон талын үндсэн илтгэгч Сато Тошиюүки нь зуун жилийн түүхтэй NHK телевизд 40 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн бөгөөд түүний илтгэл нь Монгол талын холбогдох хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлснийг оролцогчид дурьдаж байв.
Семинарт Хүний эрхийг хангах үндэсний хорооноос 2003 оноос хэрэгжиж буй Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, хэвлэл мэдээллийн үндэсний бодлогын хүрээг танилцуулан, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хараат бус өөрийн зохицуулалтын байгууллагын хувьд Азийн бүсдээ сайн туршлага болон хөгжиж буй өөрийн байгууллагын танилцуулга, сэтгүүлчдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудын талаар илтгэл хэлэлцүүлсэн бол хэвлэл мэдээллийн эргэн тойрон дахь хууль эрх зүйн орчны асуудлаар МУИС-ийн багш Бат-Орших илтгэл тавьлаа.
NHK-ийн захирал асан Сато Тошиюки, ЖАЙКА-гийн ахлах зөвлөх Хашимото Кэйичи нар нь илтгэлдээ Япон зэрэг улс орнуудын жишээг танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа ардчилсан орнуудад өрнөж буй “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах” асуудлын талаар мэдээлэл өгсөн бол НҮБХХ нь Мэдээллийн бохирдол зэрэг Монголд өнөөг хүртэл үзүүлсэн дэмжлэгийн талаар танилцууллаа. Түүнчлэн үдээс хойшхи хэлэлцүүлэгт Монгол Улсын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах өнөөгийн байдал, хуучин социалист орнуудын чиг хандлага, Япон зэрэг олон улсын туршлага, хууль эрх зүйн орчин, хуучин социалист орнуудын чиг хандлага, итгэлцлийн ач холбогдол зэрэг сэдвээр ярилцлаа. Засаглалын тогтвортой байдлыг сайжруулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байнга өөрийгөө сорьж байхын ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнөсөн.
Семинарт 30 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, IDLO, Японы Элчин сайдын яам, Авлигатай тэмцэх газар, Харилцаа Холбооны газар, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол улсын ерөнхий прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, Хууль зүйн хүрээлэн, МУИС, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Зүүн талаас Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, НҮБХХ-ийн Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Матилда Димовска, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Гүнжидмаа, Жайка Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи
scroll