Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Буцалтгүй тусламжийн гэрээ байгууллаа.
2024.06.05
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монгол улсын Сангийн сайд Б. Жавхлан нар 6 сарын 5-нд 290 сая иений буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд гэрээнд гарын үсэг зурснаар энэ жил 16 оюутан суралцах боломжтой болох юм.
Тус хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхлэн өнөөг хүртэл нийт 416 оюутан Япон улсад суралцан магистр, докторын зэрэгтэй төгсөж ирээд, СЯ, БШУЯ, БХБЯ, ЗТЯ, Монгол банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
2024 онд Япон улсын хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлж эхэлсний 70 жилийн ой тохиож буй бол тус хөтөлбөрийн хувьд мөн энэ жилээс дараагийн дөрвөн жил хэрэгжих шинэ үе шат эхэлж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр Японд суралцаж төгссөн боловсон хүчин Монгол улсын тухайн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд мөн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
scroll