Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-06-06

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА.

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл,
Төслийн зохицуулагч Г.Тогос

Photo

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас санаачилсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд хүчин зүтгэж ирсэн юм. Хууль УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдөр буюу 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсаныг та бүхэнд мэдээлэхэд таатай байна. Энэхүү мэдээтэй холбогдуулан хууль батлагдах хүртэл төслийн зүгээс хэрхэн оролцож ирсэн талаар товч мэдээлэл хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2011 оны 4 дүгээр сарын 14-15-нд "Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс" чуулган зохион байгуулагдаж, чуулганы дүнд салбар хуралдаан тус бүрээс зөвлөмж боловсруулж гарсан. Эдгээр зөвлөмжийн хүрээнд, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга, хэлбэрийг түлхүү хэрэглэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг тодруулсан. Түүнчлэн, эдгээр зөвлөмжид тулгуурлан шүүхийн тухай багц хуулийг боловсруулах ажил эхэлсэн юм.

Ийнхүү, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэгтгэн шүүхийн тухай багц хууль болгон боловсруулах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж эхэлсэн.

Хууль тус бүрт боловсруулах ажлын хэсэг томилогдон ажилласанаас Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийн хувьд, Ерөнхийлөгчийн тамгын газрын хүсэлтээр манай төсөл ерөнхийд нь боловсруулах болсон юм. Өөрөөр хэлбэл, төслийг хэрэгжүүлэгч Зөвлөлийн гишүүд буюу тухайн үеийн УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайханаар ахлуулан Нийслэлийн шүүхийн иргэний танхимын тэргүүн П.Золзаяа, МӨХ-ны дэргэдэх Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн дарга, өмгөөлөгч М.Алтан-Өлзий, төслийн ахлах зөвлөх Х.Ока нар боловсруулалтыг гардан хариуцаж, зөвлөлийн гишүүдтэй төслийг хамтран хэлэлцэх байдлаар боловсруулсан. Дашрамд дурдахад, зөвлөлийн гишүүд бүгд эвлэрүүлэн зуучлалын талаар тусгайлсан сургалтанд хамрагдаж нэгдсэн зөв ойлголттой байсан тул хууль боловсруулах ажил богино хугацаанд ч гэлээ их үр дүнтэй өрнөсөн. Түүнчлэн, Япон дахь зөвлөлийн гишүүдийн зүгээс ч гэсэн хуулийн төсөлд үнэтэй санал, зөвлөмжийг ирүүлж байсан юм.

Хуулийн төслийг 2011 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Их хуралд албан ёсоор өргөн барьж, УИХ-ын дэд ажлын хэсгээр нийт 3 удаа хэлэлцүүлж, УИХ-ын чуулганаар нийт 2 удаа хэлэлцүүлсэний дүнд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батласан байна. Жич, эл өдөр эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас гадна Шүүхийн захиргааны тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан ба ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн тухай багц 6 хууль бүгд батлагдсан юм.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь 2013 оны 07 дугаар сарын 1-нээс мөрдөгдөх тул төслийн зүгээс хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажилд туслахаар ханцуй шамлан орох гэж байна.

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн таатай орчин ийнхүү бүрдсэнээр, цаашид энэ тогтолцоо монголын нийгэмд зөв зохистой байдлаар үндэс сууриа бэхэлж, эцсийн дүнд монгол ард иргэд маань эв түнжинтэй амьдрах нөхцөл бүрэн бүрэлдэх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсч хууль батлагдсаны баярт мэдээгээ өндөрлөе.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency