Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-03-29

БУЛГАН АЙМГИЙН ЗАГВАР СУРГУУЛИУДАД ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ
Байгалийн ухаан: Физик, Хими, Хүн орчин, Хүн байгаль

Photo

Төслийн баг болон мэргэжлийн баг 2013 оны 3 сарын 24-нөөс 29-нд Булган аймгийн загвар сургуулиудад хичээлийн судалгааны мониторинг хийлээ.Энэ удаагийн мониторинг нь 2011 оны 2-3 сар болон 10 сар, 2012 оны 3 сар болон 9 сард зохион байгуулсан мониторингийн дараахи тав дахь удаагийн мониторинг юм.

Гурванбулаг, Хишиг-Өндөр сумын сургуулиуд болон Булган аймгийн 1-р сургууль дээр байгалийн ухааны чиглэлийн 4 судлагдахуунаар (Физик, Хими, Хүн орчин, Хүн байгаль) судалгаат хичээлүүдийг зохион байгуулсан.

Гурванбулаг сумын сургуулийн хувьд долоо хоног бүрийн мягмар гаригийг хичээлийн судалгааны өдөр болгон тогтоож, сургалтын менежерүүдийн зүгээс 2 долоо хоногт нэг удаа лекц болон хичээлийн судалгаатай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Мониторинг хийсэн Физикийн судалгаат хичээлээр (7-р анги) 2 хүүхийн дунд нэг иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг (хуруу зай, бичил чийдэн, цахилгаан утас) тараан өгсөн бөгөөд, хүүхдүүд янз бүрээр оролдон туршиж үзэнгээ цахилгаан хэлхээ угсарч бичил чийдэнг асааж үзэх туршилт хийсэн. Хотын хүүхдүүдээс ялгаатай нь сумын сургуулийн эрэгтэй хүүхдүүдийн олонхи нь бичил чийдэнг хэрхэн асаах аргыг сайн мэдэж байсан нь мониторингийн гишүүдийг гайхшруулсан юм.

Хүн орчин судалгаат хичээлийн агуулга нь (3-р анги) хүнсний ногооноос амин дэм авах нь хичнээн чухал болохыг ойлгуулах явдал байсан. Бага насны хүүхдүүд амьдралын туршлага багатай учир тэдэнд байгаа мэдээлэл болон төсөөллийг шинжлэх ухааны мэдлэгтэй холбоход төвөгтэй, ихэнхи тохиолдолд багшийн зүгээс мэдлэг дамжуулах хичээл болчихдог байна. Хүнсний ногоо ба амин дэмд хүүхдүүдийн сонирхолыг нь байнга татаж байхын тулд, тэжээллэг чанарыг нь тэмдэглэсэн үдийн хоолны цэсийг самбарт хадаж үзүүлэх зэргээр хичээлээс гадуурх үйл ажиллагаатай уялдуулах нь чухал байдаг.

Хишиг-Өндөр сумын сургуулийн хувьд "Самбар төлөвлөлт ба дэвтэр хөтлөлт" сэдвээр хичээлийн судалгаа хийж байна. Япон дахь сургалтад хамрагдсан өөрийн сурч мэдсэн зүйлээсээ тус сургуульд хэрэгжүүлэх боломжтой агуулгыг жагсаан бичиж, хамт олноороо ярилцан сэдвээ сонгожээ. Бүх судалгаат хичээлийн хувьд үр дүн нь гарч эхлэж байгаа нь харагдаж байлаа. Мөн, судалгаат хичээлийн бэлтгэлд оролцоогүй багш нар хичээлд хөндлөнгөөс ажиглалт хийн, хэлэлцүүлэгт оролцсон тул хэлэлцүүлэг ач холбогдолтой болсон.

Хүн орчин хичээлийн хувьд (3-р анги) малын ашиг шим сэдвээр судалгаат хичээл зохион байгуулагдсан. Хичээлийн явцад үстэй дээл өмссөн залуу орж ирэн хичээлд оролцсон бөгөөд хүүхдүүдийн царайд баяр хөөртэй байдал тодорч байлаа.

Химийн судалгаат хичээл (8-р анги) "Сода нь давсны нэг төрөл мөн үү?" гэсэн асуултаар эхлэн хүүхдүүдээр давс, азот, хүхэр, фосфорын хүчлийн бүтцийн томъёог бичүүлсэн. Түүний дараа, металлийн элементтэй (Na, Mg, Al) нэгдсэн нэгдлийн томъёог бичиж "Металлын элемент ба хүчил хоёрыг урвалд оруулахад давс үүсдэг" болохыг ойлгуулж, эцэст нь сода бол давсны нэг төрөл юм гэдгийг сурагчдад ойлгуулсан. Багшийн өгсөн даалгаварын дагуу дөрвөн хүүхдийн дунд нэг ширхэгийг тараасан гар хийцийн цагаан самбар дээр хариултаа бичээд, ангийн бүх хүүхдүүдэд харагдахуйцаар самбараа өргөсөн. Багш баг тус бүрийн өргөсөн хариултыг самбарт бичиж, алдаатай хариултын тухай шалтгааныг нь тайлбарлангаа зөв хариултаа чиглүүлж өгсөн.

Булган аймгийн 1-р сургуулиас сэтгэлд хамгийн хоногшсон явдал нь Химийн судалгаат хичээлийн дараахи хэлэлцүүлэг байлаа. ЖАЙКА-аас зохион байгуулсан Азийн бүс нутгийн хичээлийн судалгаагаар дамуулжуулан боловсролын чанарыг сайжруулах сургалтад оролцсон багш, төслийн хүрээнд 2012 оны 11 сард зохион байгуулсан "Багшлахуйн арга зүйн шинэчлэлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүсчилсэн сургалт"-ын үеэр танилцуулсан хэлэлцүүлгийн чанарыг үнэлэх хуудсыг ашиглан хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Бусад судлагдахуун болон бусад сургуулийн хувьд ч, хэлэлцүүлгийн хөтлөгч, хичээл заасан багш, ажиглагч багш гэсэн дарааллаар санал зөвлөмжөө хэлэх загварт хатуу баригдалгүй өөрсдийн зорилгод нийцсэн хэлбэрээр хэлэлцүүлгээ зохион байгуулах нь зүйтэй.

Хүн байгалийн хувьд, усанд уусдаг болон уусдаггүй бодисын тухай хүүхдүүдээр таамаглал дэвшүүлүүлж, туршилт хийлгэн дүгнэлт гаргуулах судалгаат хичээлийг (4-р анги) зохион байгуулсан. Асуудал шийдвэрлэх алхмуудад анхаарсан хичээл болсон хэдий ч, алхам болон агуулгыг багтаасан самбар төлөвлөлт нь тохиромжгүй байснаас хүүхдүүд дэвтэрт тэмдэглэхдээ будилах явдал ажиглагдсан. Цаашид багш нар энэ тал дээр улам илүү анхаарч ажиллах шаардлагатай юм.

Эхлээд бүх сургуулиуд 2012 оны 9 сард зохион байгуулсан мониторингийн дараа, багшлахуйн арга зүйгээ сайжруулахаар хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн нь харагдаж байна.

Бүх сургуулиудад дараахи 2 нийтлэг тулгамдсан асуудал ажиглагдаж байна.

  1. Хүүхдийн өмнөх төсөөллийг судлан тооцох, түүнд тулгуурлан шинэ мэдлэг бүтээх боломжийг олгох: Хүүхдүүдийн өмнөх төсөөллийг зөв тооцож чадахгүй байгаагийн улмаас хүүхдүүдийн сайн мэддэг зүйлийг заах, шинэ мэдлэг бүтээхэд дөхөм үзүүлж чадахгүй байх зэрэг явдал хаяагүй тохиолдож байсан. Хичээлийн хөтөлбөрт "Ямар байсан хүүхдийг" "Ямар хүүхэд болгон хөгжүүлэх вэ?" гэдгээ тодорхой тусгах нь чухал юм.
  2. Хүүхэд өөрөө асуудлыг шийдвэрлэх шаардлага бий болохыг ойлгож мэдрэхүйцээр сэдэлжүүлж туршилтын үед хүүхэд өөрөө төсөөлөл таамаглал (Юуны тухай судлах, ямар аргаар судлах тухай) дэвшүүлэх боломжийг буй болгох: Хүүхдүүдийн сонирхлыг татах зорилгоор оньсого, эвлүүлдэг тоглоом зэрэг хичээлийн гол сэдэвтэй хамааралгүй сэдэлжүүлэлт хийх явдал цөөнгүй байна. Мөн туршилтын үед хүүхдүүд юуг яаж судлавал зохих талаар бодох хангалттай цаг өгөлгүйгээр зөвхөн багшийн чиглүүлэг, эсвэл тарааж өгсөн зааврын дагуу туршилт хийх төдий хичээл болчихоод байна

Энэ удаагийн мониторингт хичээлд ажиглалт хийж сурахын зэрэгцээ төсөл дууссаны дараахи үйл ажиллагааг авч үзэх зорилгоор БМДИ-ийн арга зүйчид хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Дээр дурьдсан тулгамдсан асуудлуудын тухайд ч БМДИ-тэй хамтран цаашид шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болно.

Photo

Photo


Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency