Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-12-22

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛ" ФОРУМД ИЛТГЭЛ ТАВИВ

2015 оны 12 дугаар сарын 21-22-ны өдөр "Нээлттэй нийгэм форум" ТББ[1]-ын зүгээс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол" форумыг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд БСШУЯ, МУБИС, тусгай сургуулиуд болон цэцэрлэгийн төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комисс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн холбогдох байгууллагууд, эцэг эхийн холбоод, ТББ-уудын төлөөлөл зэрэг олон хүмүүс оролцсон юм. Форумын эхний өдөр нийт 11 илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Тус төслийн зүгээс "Японд тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоо хэрхэн буй болсон тухай болон Оосака хотын бодит жишээ, туршлага"-ын талаар танилцуулж илтгэл тавив.

Тус төсөл болон төслийн урьдчилсан судалгаагаар ("Монгол Улсын тусгай хэрэгцээт боловсролын мэдээлэл цуглуулах, тандалтын судалгаа", "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролыг сайжруулах төслийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах судалгаа") дамжуулан Монголд "Тэгш хамруулан сургах боловсрол"-ын үзэл баримтлал хангалттай хэмжээнд яригддаггүй гэсэн асуудлыг олж илрүүлсэн байдаг. Тиймд энэ удаагийн илтгэлээр Монгол Улс дахь тэгш хамруулан сургах боловсролын нөхцөл байдлыг судлахад тус дөхөм болгон юуны өмнө Монголын тусгай боловсролоос тэгш хамруулан сургах боловсролд шилжих шилжилт, олон улсын чиг хандлагын талаар танилцуулсан. Түүнчлэн Оосака хотод 30 гаруй жил бодитоор хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдэд ердийн ангид хамт боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулав.

Монголд одоогоор Улаанбаатар хотын 6 тусгай сургууль, хэд хэдэн ЕБС-д нээгдсэн тусгай анги, албан бус сургалтууд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших газар нь болж байна. Гэхдээ бүс нутаг бүрийн үйл ажиллагааг сайтар харвал, зарим ердийн сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч сургаж буй жишээ цөөнгүй байдаг. Дээрхээс үзэхэд, тусгай хэрэгцээт боловсролын түүх уламжлалтайн нөгөөтэйгүүр зарим бүс нутаг болон сургуулиудын хүчин чармайлтаар ердийн сургуульд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, боловсрол эзэмшиж ирсэн бодит жишээтэй гэдэг утгаараа Монгол, Япон хоёр улсад хоорондоо ижил төсөөтэй зүйл байгаа гэж хэлж болохоор байна.

Тусгай боловсрол болон тэгш хамруулан сургах боловсрол гэдэг ойлголтын хамгийн том ялгаа нь өөрчилбөл зохих субьект нь хэн/юу вэ гэдэгт оршино. Тусгай боловсролд өөрчлөгдөх ёстой субьект нь хувь хүн (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд) байх бөгөөд бие махбод, оюун ухаан, эсвэл сэтгэл мэдрэхүйн үйл ажиллагааг өөрчлөхөд гол анхаарлаа тавьдаг. Харин тэгш хамруулан сургах боловсролын хувьд өөрчилбөл зохих субьект нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд биш, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авахгүй байгаа боловсрол" байдаг. Янз бүрийн нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийг хүлээн авч, тохирох боловсрол олгохыг шаарддаг үйл явц өөрөө чухал юм. Эдгээрийг анхааралдаа авсны үндсэн дээр Монголд байвал зохих тэгш хамруулан сургах боловсролын талаар судлах ажлаа цаашид ч үргэлжлүүлээсэй хэмээн хүсч байна.

Photo


Жич

  • [1]

    Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч Жорж Соросын 1979 онд АНУ-д байгуулсан "Нээлттэй нийгэм сан (Open Society Foundation)" https://www.opensocietyfoundations.org/ (external link)-ийн шугамаар Монголд байгуулагдсан "Нээлттэй нийгэм хүрээлэн" (Open Society Forum) ТББ нь улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогод чиглэсэн ухуулан таниулах үйл ажиллагаа голлон явуулдаг.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency