Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-06-21

БИЧИЛ ТӨСЛҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАВ

Японы ЖАЙКА байгууллагаас БСШУЯ болон ХАХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлэх бичил төслүүд шалгаруулж эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хэрэгцээнд нийцсэн сургалтын арга хэлбэрүүдийн үр өгөөжийг туршин судалж, үндэсний хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой загварыг боловсруулахад чиглэж байна. Энэ зорилтын хүрээнд бичил төсөл сонгон шалгаруулах тухай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудаар дамжуулан 2016 оны 04 дүгээр сард нээлттэй зарласны дагуу нийслэл, орон нутгаас нийт 35 байгууллага төслөө боловсруулан ирүүлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж, дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллага, сургуулиуд болон багш бэлтгэдэг их дээд сургуулиудын ирүүлсэн бичил төслүүдийг төслийн баг хүлээн авч, тэдгээр байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг судлан үзсэн. Сонгон шалгаруулалтыг хийхдээ ирүүлсэн бүх бичил төслийн баримт бичгийг төслийн зорилго чиглэлд хэрхэн нийцэж байгааг шүүн тунгааж шаардлага хангасан 8 байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь очиж судлан ярилцлага хийсний үр дүнд эцсийн байдлаар 3 байгууллага шалгарлаа. Шалгарсан 3 байгууллагын төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны агуулгыг дор танилцуулж байна

2016 оны 6 дугаар сараас 2017 он 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

1. "Оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд боловсролын тэгш оролцоог хангах нь" төсөл

Photo

Хэрэгжүүлэгч байгууллага: "Монголын дауны холбоо" ТББ

Байгууллагын танилцуулга: 2007 онд дауны хам шинжтэй хүүхэдтэй гэр бүлийн санаачлагаар байгуулагдсан. Эцэг эх, асран хамгаалагчдад оюуны бэрхшээлийн талаар мэдээ мэдээлэл өгөх, сургалт, зөвлөгөө арга зүйн сургалтыг зохион байгуулахаас гадна, төвийг байгуулан (СӨБ, сургуулийн нас)-ны хүүхдүүдийг хамруулан тэднийг сургах үйл ажиллагаа явуулдаг.

Төсөл хэрэгжүүлэх газар: Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, 130-р сургууль

Төслийн үр шимийг хүртэгч: "Монголын дауны холбоо" ТББ-ын "Хөгжил" сургалтын төвийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд болон 130-р сургуулийн сурагчид

Төслийн агуулга: Нийслэлийн ХУД-т байрлах 130-р сургуулийн нэг ангийг туршилтын анги болгон дауны холбооны "Хөгжил" сургалтын төвд суралцдаг сургуулийн насны хүүхдүүд биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөр сургалтын хичээлүүдийг 130-р сургуулийн сурагчидтай хамтран танхимаар хичээллэнэ.

2. "Бид чадна" (Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах төсөл)

Photo

Хэрэгжүүлэх байгууллага: Орхон аймаг, "Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв"

Байгууллагын танилцуулга: 2000 онд байгуулагдсан. Орхон аймгийн боловсрол соёлын газарт харъяалагддаг. Орхон аймаг нь Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайтай, хүн амын тоогоор улсдаа 3-р байрт ордог. Сургууль завсардсан, бичиг үсэггүй хүүхэд залуус, мөн ажил эрхэлдэггүй залууст зориулан бичиг үсгийн боловсрол, анхан, дунд боловсролыг олгодог. Мөн орон нутгийнхаа байгууллага, сургуулиудад ёс суртахууны төлөвшил, хууль дэг журмын, амьдрах ухааны мэдлэг олгох хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг.

Хэрэгжүүлэх газар: Орхон аймаг, Баян-Өндөр сум

Төслийн үр шимийг хүртэгч: "Насан туршийн боловсрол олгох төв"-д суралцах хүүхдүүд

Төслийн агуулга: Сургуульд хамрагдаж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд албан бус боловсролоор боловсрол олгох. Сургалтын төвд ирж сурах боломжгүй хүүхдүүдийн гэрээр очиж явуулын сургалт зохион байгуулна.

3. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй хүүхэд харах үйлчилгээ"

Photo

Хэрэгжүүлэх байгууллага: Хүүхдийн хөгжил мэдээллийн "Учрал төв" ТББ

Байгууллагын танилцуулга: 2005 онд байгуулагдан, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Үйл ажиллагаа нь өрх толгойлсон эхчүүдийн гэр бүлд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сайн дурын үйл ажиллагаагаар туслах, үе тэнгийн хүүхдүүдийн цуглаан арга хэмжээ, хүүхдийн судалгааны ажил хэрэгжүүлэх гэх мэт.

Хэрэгжүүлэх газар: Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг

Төслийн үр шимийг хүртэгч: Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа, мөн шинээр хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчид, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хүмүүс

Төслийн агуулга: "Хүүхдийн төлөө үндэсний газар"-аас 2016 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн хүүхэд харах үйлчилгээ нь 2-5 насны хүүхдийг харах шинэ систем юм. 18-65 насны хүмүүс (Хүйс харгалзахгүй), төрийн бус байгууллага нь хүүхэд харах үйлчилгээ эрхэлхийг хүсвэл хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдан, шалгалт өгч, харъялагдах засаг даргын тамгын газар болон хүүхдийн төлөө үндэсний газарт хүсэлт гарган, зөвшөөрөл авсаны үндсэнд хувийн болон байгууллагын байрандаа ойр орчмын хүүхдүүдийг харах үйлчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ч харахаар заасан байдаг боловч, одоо хэрэгжиж буй сургалтын агуулгад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харьцах, тэдэнд зааж зааварчлах аргын талаар тодорхой заавар зөвлөмж байхгүй тул энэ төслөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харахад шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшүүлэх сургалтын модулийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх дүүргүүдэд сургалтууд зохион байгуулна.

Бичил төслийн үйл ажиллагаа хэрэгжих газрууд

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency