Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-09-04

18 САРТАЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГИЙГ ТУРШИЛТААР ЗОХИОН БАЙГУУЛАВ
- Хүүхэд өсгөхөд гарах хүндрэл бэрхшээлтэй холбоотой ээжүүдийн сэтгэлийн түгшүүр зовлонг багасгах зорилгоор -

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үед нь хөгжлийн дэмжлэгт холбох явдал маш чухал байдаг. Ингэснээр хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бусдын адил амьдрах аргад суралцах, нийгэмд харилцаанд оролцоход бэлтгэх боломжтой болно. Мөн хүүхэд өсгөхөд хүндрэл бэрхшээлтэй тулгарсан сэтгэлийн түгшүүртэй асран хамгаалагчдад туслах үүднээсээ ч үр дүнтэй юм.

Японд, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулинд заасан бага насны хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэг (18 сараас 2 нас хүртэлх болон 3 наснаас 4 нас хүртэлх хүүхэд) нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхэд голлох хувь нэмрийг оруулж байна. Түүнчлэн муж, орон нутаг бүр бусад насны хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулдаг бөгөөд биеийн өндөр, жинд хэмжилт хийхээс гадна эмчийн үзлэгээр хүүхдийн өсөлт хөгжлийг шалгах, эрүүл мэндийн ажилтан, хоол тэжээлийн мэргэжилтэн, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих мэргэжилтэн зөвлөгөө өгөх, шүдний эрүүл ахуйч шүд угаах зааварчилгаа өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.

Монгол Улсын хувьд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг ашиглан бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийдэг боловч Япон Улсынхтай ижил эрүүл мэндийн товлолт үзлэгийг зохион байгуулдаггүй. Тиймээс тус төслийн туршилтын дүүргээр ажиллаж буй Баянгол дүүрэгт 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг туршин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Ийнхүү эрүүл мэндийн үзлэгийг туршин хэрэгжүүлэхийн өмнө, гол хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллах Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй харилцан зөвлөж, үзлэгт ашиглах үзлэгийн маягтыг боловсруулсан билээ. Ингээд тус дүүрэг дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэгийг гардан зохион байгуулах 109 эмч мэргэжилтнүүдэд зориулан урьдчилсан сургалтыг зохион байгуулсны зэрэгцээ үзлэгийн маягтаа ч засан сайжруулсан юм.

Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2017 оны 5 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд, Монгол Улсад анх удаа 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг тус дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 4 төвд зохион байгууллаа. 5 өдрийн хугацаанд нийт 377 хүүхдийг уг үзлэгт хамруулсан бөгөөд энэ тоо зорилтот 437 хүүхдийн 86.3 хувьтай тэнцэж байна. Үзлэгт хүүхдээ хамруулсан нэгэн ээжээс бид дараах ярилцлагыг авснаа толилуулж байна.

"Манай хүүхэд бусдын адил өсөж томорч байгаа үгүйг сайн мэдэхгүй юм. Хэд хэдэн зүйлийг эмч нараас байнга асуудаг байсан ч, сэтгэлийг минь түгшээж байгаа асуудлыг хэрхэхээ мэдэхгүй явж ирсэн. (Энэ удаагийн үзлэгээр) Өнөөдрийг хүртэл ойлгоогүй байсан олон эргэлзээтэй асуултуудад хариулт авч чадлаа."

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүчин чармайлтаар 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг 6 дугаар сараас хойш сар бүрийн 4 дэх долоо хоногийн лхагва, пүрэв гаригуудад тогтмол зохион байгуулж байна. Эдүгээ Монгол Улсад бага насны хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэг зохион байгуулах асуудлыг тусгасан Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль батлуулах ажил ид өрнөж байна. Төслийн хувьд, Баянгол дүүрэг дэх эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхгүй, хэрхэн үр дүнтэй, бүтээмж сайтай зохион байгуулах боломжтой талаар судлах болно.

Мөн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгээр хөгжлийн хоцрогдол илэрсэн хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад зориулсан нэмэлт үйл ажиллагаа болгож энэ оны 10 дугаар сараас эхлэн туршилтаар "Эх хүүхдийн хөтөлбөр"-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хүүхэд өсгөх хүндрэл бэрхшээлтэй тулгарсан сэтгэлийн түгшүүр зовлонтой ээжүүдэд тус болох хөтөлбөр болгохыг зорин бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

PhotoАнхны эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг зохион байгуулах нээлтйин ажиллагаа

PhotoЭрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн явц

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency