Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-10-17

Багш өөрчлөгдөхөд хүүхэд өөрчлөгдөнө - Хөвсгөл аймгийн жишээ

Бид төслийн хүрээнд Монгол улсын хойд зүгт байрлах Хөвсгөл аймгийн туршилтын 2 сургуультай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. 2017-2018 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй болон сурлагын хоцрогдолтой хүүхдэд зориулж Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, Судалгаат хичээлээр дамжуулан багшийн арга зүйг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан. "Ирээдүй 21-р зуун цогцолбор сургууль" дээр Судалгаат хичээл зохион байгуулсан бага анги удирдсан багш Г.Золжаргалтай 2018.08 сард ярилцлага хийсэн.

Та өөрийгөө танилцуулна уу

Намайг Г.Золжаргал гэдэг. 10 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа туршлагатай. Өмнө нь тус аймгийн Улаан-Уул сумын сургуульд 6 жил дараа нь "Ирээдүй 21-р зуун цогцолбор сургууль"-д шилжин ирээд 4 дэхь жилдээ багшилж байна.

Төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болон хийгдсэн багшийн ангиас хүүхэд сонгон ГСТ боловсруулан түүнийг үндэслэн ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулан судалгаат хичээл заасан. Сонгосон хүүхдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

Хүүхдийн нэр Д.Эрдэнэзул, 2018 оны хичээлийн жилд 5 дугаар ангид дэвшин суралцана. 2 дугаар ангиас нь энэ ангийг дааж авсан. 2 дугаар ангид байхдаа хичээл дундуур дураараа босч явдаг, ангиас гарч гүйдэг, багшийн үгийг сонсдоггүй маш тогтворгүй хүүхэд байсан. Сурлагын хувьд гэвэл унших тал дээр асуудалгүй боловч тоо бодохдоо, чээж бичиг хийхэд их алддаг, муухай бичдэг, хуулж бичихдээ ч алддаг хүүхэд байсан. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бэрхшээлийнхээ онцлогт тохирсон хэрэгцээндээ нийцсэн боловсролын үйлчилгээ авах боломжтой "Хөгжүүлэн сургах төв" байдаг. Энэ төвд хамрагдсанаар өөрийн дуртай зүйлээ хийж чаддаг тул төвдөө цагаа өнгөрүүлэх нь их байсан. Энэ охиныг ирээгүй өдөр ангид хичээл явагдах нь амар байдаг тул ирэхгүй амарсандаа ч яахав ээ гэж бодох өдөр байсан.

Судалгаат хичээл заах болсноо мэдээд юу бодогдож байсан бэ?

Төв хариуцсан Б.Энхжаргал багш хэлэхдээ Д.Эрдэнэзултай харилцаа, арга зүйгээ өөрчлөөд ажиллаад үз өөрчлөгдөж сайжрах хүүхэд , судалгаат хичээл зааж үзэх үү гэж санал тавьсан. Эхлээд их дарамттай санагдаж, заамааргүй байсан. Б.Энхжаргал багш туслаад хамтдаа бэлдээд үзэхэд гайгүй уужирсан.

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулж үзэхэд ямар санагдсан бэ?

Хийж дасаагүй ажил байсан тул их хэцүү байсан. Б.Энхжаргал багштай зөвлөлдөн, туслалцаа авч байсан. Ээлжит хичээлийн хөтөлбөр яг боловсруулж байх үеэр Улаанбаатар хотоос тусгай сургуулийн багш нар ирж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулсан. Тэр үеэр би Д.Эрдэнэзулын хийж чадах чадвараас илүү давсан даалгавар өгч байснаа анзаарсан. Ээлжит хичээлийн хөтөлбөртөө төлөвлөсөн даалгавар ч арай ахадсан даалгавар байсныг анзаарсан. Тусгай сургуулийн багшаас ганцаарчлан зөвлөгөө авч, ээлжит хичээлийн хөтөлбөрөө засан сайжруулсан.

Судалгаат хичээл хичээл зааж үзээд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

Ээлжит хичээлийн хөтөлбөрөө сайн боловсруулсан байсан тул хичээлийн явцын төсөөлөл сайтай явуулж чадсан. Д.Эрдэнэзулын хувьд хичээлийн сүүл үед анхаарал нь суларчихсан, эргээд бодоход даалгавар хүндэдсэн байж болох талтай. Тэр үеэс хойш охины чадвар, сонирхолд нийцсэн дасгал даалгавар өгөхийг хичээдэг болсон. Жишээлбэл: Охин хуулж бичихдээ дуртай боловч өмнө нь нэлээд урт эх өгч бичүүлж байсан тул дундуур нь уйдахдаа ангиас гараад гүйчихдэг байсан. Богино эхийг гоё сайхан хуулж бичих даалгавар өгдөг болсноор анхааралтай сайн бичдэг болж, хүүхдэд ахиц гарч байгаа нь мэдэгддэг болсон. Түүний үр дүнд, гэнэт суудлаасаа босч явах, ангиас гарч гүйх нь эрс багассан. Одоо бол төвдөө долоо хоногтоо цаг явж, бусад цагт нь ангидаа сууж хичээллэдэг болсон.

Бусад багш, ажилчдын хандлага ямар байна?

Өмнө нь ангиасаа гарч гүйгээд коридорт л явж байдаг болохоор ялангуяа нэг давхарт байдаг багш нар анзаарчихсан Д.Эрдэнэзул их өөрчлөгджээ гэж хэлдэг болсон.

Төсөлд хамрагдсан тухайд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Хүүхдэд өөрчлөлт гарсан тул юу хамгийн чухал вэ гэдгийг ухаарсан. Манай ангид Д.Эрдэнэзулаас гадна сурлагын хоцрогдолтой асуудалтай хүүхэд бас байдаг. Тэр хүүхдүүдэд ч тус бүрт нь таарсан даалгавар өгдөг болсон. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах тухайд залуу багш нараас тусламж хүсч асууж ирдэг, өөрийн туршлагадаа үндэслэн, тодорхой зөвлөгөө өгдөг болсон. Ингэснээр багшийн хувьд ч өөртөө итгэлтэй болсон. Цаашид сургууль дээрээ багшлах чадвараа сайжруулахаар чадлаараа хичээж ажиллана гэж бодож байна.

Photo2018 оны 5 дугаар сард хийсэн Судалгаат хичээлийн үеэр. Хамгийн урд эгнээний 2 дахь хүүхэд Д.Эрдэнэзул. Тохирох хэрэглэгдэхүүн бэлдэхэд их цаг зарцуулсан.

PhotoСудалгаат хичээлийн дараах хэлэлцүүлгээр, Г.Золжаргал багш хичээлийг удирдан явуулахдаа ямар арга зүй ашигласан тухайгаа танилцуулж буй байдал(Баруун захад)


PhotoШинэ хичээлийн жилийн Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний талаар зөвлөлдөж буй Г.Золжаргал багш (зүүн) ба Б.Энхжаргал багш (баруун)

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency