Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-04-27

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст зориулан хосолсон хэлбэрээр сургалт зохион байгуулав

Тус төслийн баг 2022 оны 4 дүгээр сарын 27-нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс (цаашид салбар комисс гэх)"-т зориулсан 3 дахь удаагийн сургалтаа амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 9 дүүрэг болон нэр бүхий 4 аймгийн салбар комисс танхимын хэлбэрээр, бусад 17 аймгийн салбар комисс цахим хэлбэрээр оролцсон. Салбар комиссын хувьд, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон боловсролд хамруулахад хүндрэлтэй байгаа хүүхдэд дэмжлэг үзүүлж хэвших нь энэ удаагийн сургалтын зорилго байлаа.

Энэхүү сургалтын ерөнхий чиглүүлэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир ажилласан. Эхлээд төслийн ерөнхий менежер 2021 оны 11 дүгээр сарын сургалтыг эргэн харж, энэ удаагийн сургалтын өмнө оролцогчдод өгсөн даалгаврын талаар санал хэлэв. Дараа нь танхимд оролцсон Багахангай дүүргийн салбар комисс, цахимаар оролцсон Хэнтий аймгийн салбар комисс хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө хэрхэн боловсруулсан болон дэмжлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан тухайгаа жишээнд тулгуурлан бусад оролцогчдод танилцуулсан.

Ингээд байнгын хиймэл амьсгалын аппараттай Япон залуу болон түүний ээжтэй цахимаар холбогдон "Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч боломж их бий" сэдэвт лекцийг нь сонссон. Лекцийн явцад уг залуугийн баримтат киног үзүүлэхэд оролцогчид дэлгэцийг шимтэн харж, лекцийн үед ч толгой дохин нулимс цийлэгнүүлэх зэргээр яриаг анхааран сонсож байлаа. Асуулт хариултын цагт, Япон дахь асаргааны хэмжээ болон тогтолцооны талаар сонирхон "Манай аймагт тус бүр нэг цэцэрлэг, сургууль тусгай ангитай. Дэмжлэг нь сайн болохоор хүүхдээ тусгай ангид сургахыг хүсдэг эцэг эх цөөнгүй. Гэвч өнөөдрийн лекцийг сонсоод бидний хамгийн түрүүнд бодох ёстой зүйл бол "Живх олгох" гэх мэт материаллаг дэмжлэг хэр сайн байх нь биш, хүүхдийн хөгжил гэдгийг ойлголоо. Аймагтаа "Асаргааны такси"-ны тогтолцоо нэвтрүүлж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтыг дэмжих талаар судлах болно" гэсэн саналыг ч хэлсэн юм.

Дараа нь төслийн Япон мэргэжилтэн 2021 оны 12 дугаар сард шинэчлэгдсэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал"-д тулгуурлан "Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл"-ийн тухай тайлбарласан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 12-нд хурлаа зохион байгуулсан Багахангай дүүргийн туршлагыг танилцуулан сургалтын үдээс өмнөх хэсэг дууссанаар цахим хэлбэрээр оролцогчдын хувьд сургалт өндөрлөв.

Үдээс хойш, танхимд оролцогчид аймаг дүүрэг бүрээр багуудад хуваагдан өөрсдийн аймаг дүүрэгтээ боловсролд хамруулахад гардаг асуудлаа "Асран хамгаалагч, гэр бүл", "Сургуульд ирж очих", "Сургуулийн дотоод орчин", "Багшийн арга зүй", "Хүүхдүүдийн хоорондын харилцаа" гэсэн 5 ангиллын дагуу үзүүлэх боломжтой дэмжлэг, уялдаатай ажиллах байгууллагуудыг жагсаан бичих багийн ажилд оролцсон.

Төгсгөлд нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын зүгээс төслийн багтай хамтран хөгжүүлж буй портал системийг танилцуулсан.

Энэхүү сургалтаар олж мэдсэн зүйлдээ тулгуурлан кейс хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ удаагийн багийн ажилд боловсруулсан хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтээ тайлагнахыг бүх салбар комиссуудаас хүсэв. Монголд шинэ хичээлийн жилийн элсэлтийн бэлтгэл ажил 5 дугаар сард эхэлдэг. Энэхүү сургалтад оролцсоноор салбар комиссын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтыг дэмжих үйл ажиллагаагаа илүү сайн зохион байгуулна гэдэгт төслийн баг найдаж байна.

PhotoТанхимаар оролцож буй оролцогчид болон цахимаар дамжуулж буй байдал

PhotoХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй багийн ажил

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency