Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-05-30

[Үйл ажиллагааны тайлан 1]
ААНБ болон ХБИ-д зориулсан нөлөөллийн семинар амжилттай зохион байгуулагдлаа.

4-р сарын 18, 19-нд "ААНБ-уудын хүний нөөцийн ажилтнуудад зориулсан 2 дахь удаагийн нөлөөллийн семинар" мөн 20, 21-нд "ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх анхдугаар сургалт" нийт 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү семинараар дамжуулан ААНБ-ууд ХБИ-ийг авч ажиллуулах, ААНБ-уудын ХБИ-ийн талаарх хандлага болон ойлголтыг өөрчлөх, ажлын байран дахь тохирох хэрэглэгдэхүүний талаар танилцуулахаас гадна ХБИ-д ААНБ-уудад хэрхэн нөлөөлөх талаар суралцлаа.

4 өдрийн турш үргэлжилсэн семинарыг "Мираиро" ХК-ийн 3 мэргэжилтэн багш нар удирдан явууллаа. Тус компани нь 2009 онд хөгжлийн бэрхшээлийг үнэ цэнэ болгон хувиргаж, нийгмийн загварын түгээн таниулах зорилгоор Осака хотод анх байгуулагдсан бөгөөд ААНБ болон ХБИ-д зориулсан төрөл бүрийн нөлөөллийн сургалт, семинар зохион байгуулдаг юм. Энэ удаа DPUB 2 төсөлтэй хамтран Монголын ААНБ-уудад зориулсан хөгжлийн бэрхшээлийн хандлага, ойлголтын өөрчлөх нөлөөллийн семинарыг амжилттай зохион байгууллаа.

Бэрхшээлийн шалтгааныг бие эрхтний болон нийгмээс үүдэлтэй хэмээн 2 хэсэгт хувааж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ

"ААНБ-уудын хүний нөөцийн ажилтнуудад зориулсан 2 дахь удаагийн нөлөөллийн семинар"-т жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл болох үндэсний хувцас урладаг "Зоосон хээт", томоохон компаний төлөөллөөс Хаан банк зэрэг нийт 23 байгууллагын 26 хүн оролцлоо. ХНХЯ-ны холбогдох мэргэжилтэн ХБИ-ийн хуульд заасан ажил олголтын квот болон ажлын байрны төлбөрийн талаар танилцуулсны дараа "Мираиро" ХК-ийн мэргэжилтэн багш нар ХБИ-ийн ААНБ-д нөлөөлөх үнэ цэнэ, Японы ААНБ дахь тохирох хэрэглэгдэхүүний талаар танилцуулав. Түүний дараа оролцогчид хоёр, хоёроороо нэг баг болж хөгжлийн бэрхшээлийн ойлголтоо сайжруулах практик дасгал ажил хийв. Дасгал ажлаар дамжуулан хараа болон сонсголын бэрхшээл, тэргэнцэртэй хүмүүсийн талаарх ойлголтоо сайжруулахаас гадна тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх, хэрхэн зөв харьцах талаар мэдэж авлаа. Оролцогчид нүдний хаалт зүүж шатаар дээш доош явж, харааны бэрхшээлтэй хүнийг зөв бөгөөд аюулгүй замчлах, тэргэнцэртэй иргэдийг замын догол, налуу замаар хэрхэн зөв өргөх талаар суралцлаа.

"ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх анхдугаар сургалт"-д ХБИ-ийг дэмжигч байгууллага, ТББ-уудын төлөөллөөс хараа болон сонсгол, бие эрхтний бэрхшээлтэй 19 хүн оролцов. Оролцогчид өөрсдийгөө танилцуулах үеэр өөрийн бэрхшээлийн онцлогийг хэрхэн ойлгомжтой тайлбарлах, ялгаатай байдлын талаар зөв ойлголт өгөх буюу нөлөөллийн сургалт явуулах арга зүйн талаар суралцав. Дасгал ажлын үеэр "гаднаас нь хараад мэдэгдэхгүй дотор эрхтний бэрхшээлтэй хүмүүс нийтийн тээврээр зорчихдоо группын дэвтрээ үзүүлсэн ч автобусны жолооч итгэдэггүй, дийлэнх ажлын зар дээр тухайн ажлыг сонирхсон хүн утсаар лавлана уу гэж бичсэн байдаг ч сонсголын бэрхшээлтэй иргэд холбогдож чададгүй" гэх мэт байнга тулгардаг асуудал болон нийгмийн саад бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар баг дотроо хэлэлцүүлэг өрнүүлэв. Багийн хэлэлцүүлэгийн үр дүнд "олон нийтийн ойлголтыг сайжруулах", "видео дуудлагаар дамжуулан дохионы хэлмэрчтэй холбогдох" зэргээр шийдвэрлэх арга зам байгааг онцолж байлаа.

Япон улсын жишээ болон туршлагаас суралцлаа

Харагүчи багшийн хувьд төрөлхийн харааны бэрхшээлтэй ба ахлах сургуулиа төгсөх хүртлээ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд, их сургуулиа энгийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцжээ. Харагүчи багш их сургуулиа төгсөөд ажил хайх үед болон ажилд орсны дараа төрөл бүрийн бэрхшээлүүдтэй тулгарч байснаа дурсан ярилаа. Тэрээр одоо ААНБ-уудад зориулсан нөлөөллийн сургалт, семинарт лектор багшаар оролцож, ХБИ-ийн дуу хоолойг нийгэмд түгээсээр байна. Энэ удаагийн семинарт оролцогчид Харагүчи багшаас их зүйл сурч авлаа хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Иши багшийн хувьд анх удаа ХБИ-тэй ойр ажиллах болсон бөгөөд Харагүчи багштай хэрхэн харьцах талаар сайн мэдэхгүй байсан хэмээн өөрт тулгарсан бэрхшээлээсээ хуваалцах үед ААНБ-уудын хүний нөөцийн ажилтнууд бүгд санал нэгтэйгээр толгой дохиж суулаа. Оролцогчид цаашид өөрсдийн сурч мэдсэнээ олон хүнд түгээн таниулахын тулд өөрийн туршлага болон төрөл бүрийн бодит жишээн дээр танилцуулах шаардлагатайг Иши багш санууллаа.

ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх сургалтын гарын авлага боловсруулах ажлыг хариуцаж буй мэргэжилтэн Кондо дасгал ажлын үеэр багуудын илтгэлийг сонсонгоо самбар дээр зургаар тэмдэглэж байсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татаж байлаа.

Мэргэжилтэн Кондо "энэ удаагийн оролцогчид бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой, хүсэл эрмэлзэл дүүрэн хүмүүс байлаа" хэмээн 4 өдрийн сургалтыг дүгнэсэн бөгөөд ялангуяа "хөгжлийн бэрхшээлийн талаар сөргөөр хүлээж авдаггүй хүмүүс их байгаа" талаар онцоллоо. "Цаашид ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөц болон ажиллахын тулд өөрийн үзэл санаагаа зөв илэрхийлэх арга барил чухал бөгөөд та бүхэнд энэ чадвар хангалттай байна" хэмээн оролцогчдод урам хайрлав.

DPUB2 төслийн хувьд цаашид ч ААНБ-уудад нөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ ААНБ-уудад ХБИ-ийн ойлголт өгөх сургалт зохион байгуулах чадвартай хүний нөөцийг бэлтгэхээр төлөвлөж байна. Та бүхэн биднийг тусалж дэмжээрэй.

PhotoААНБ-уудад зориулсан практик сургалтын явагдаж буй байдал

PhotoОролцогчид дотроо хэлэлцсэн зүйлээ илтгэж буй байдал


PhotoОролцогчид санал бодлоо идэвхтэй солилцож буй байдал

PhotoБагуудын илтгэлийг самбар дээр зургаар харуулсан байдал


PhotoДурсгалын зураг

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency