Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2022-08-19

[Үйл ажиллагааны тайлан 2]
1. 2022 оны эхний хагас : Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэх загвар төсөл

2022 оны 2-р сараас эхлэн загвар төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, 6-р сарын 30-нд Төслийн удирдах зөвлөлийн 3-р хурлыг хийснээр жилийн эхний хагасын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж дууслаа. Жилийн эхний хагасын онцлох ажил бол "Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэх загвар төсөл" эхэлсэн явдал юм.

DPUB2 төсөл нь Загвар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажилласан.

  1. Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах хүний нөөцийг бэлтгэх
  2. Санхүүгийн дэмжлэгийн тогтолцоог бий болгох
  3. ААНБ-уудад нөлөөлөх

(1) Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах хүний нөөцийг бэлтгэх

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг эхлүүлэхийн тулд юуны өмнө хүний нөөцийг бэлтгэх нь чухал. Тус үйлчилгээ энэ жилээс Монголд анх удаа хэрэгжиж эхэлж байгаа тул одоогоор ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах хүний нөөц байхгүй. Тиймээс эхнээсээ мэргэжлийн ажлын байрны дадлагажуулагч бэлтгэхгүйгээр ажлын байрны дадлагажуулагчийн талаарх анхан шатны семинарыг зохион байгуулж энэ талаар өргөн хүрээтэй, суурь ойлголтыг бий болгохоор төлөвлөсөн.

ХБИ-ийг дэмжин ажилладаг ТББ, ХБИ-ийн ТББ-ын төлөөлөл зэрэг цаашдаа ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах хүсэлтэй 90 гаруй хүнийг ажлын байрны дадлагажуулагчийн талаарх анхан шатны семинарт оролцууллаа. Эдгээр 90 хүн бүгд ажлын байрны дадлагажуулагчаар ажиллахгүй ч ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар суурь ойлголттой болсон. Тус төсөл нь дээрх оролцогчдод түшиглэн загвар төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээг үзүүлж, тус үйлчилгээний үр дүн, тулгарч буй асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх зохистой арга хэмжээг авч ажиллана.

(2) Санхүүгийн дэмжлэгийн тогтолцоог бий болгох

Ажлын байрны дадлагажуулагчийг сайн дураар ажиллуулах боломжгүй. Үйлчилгээ сайн байсан ч тогтвортой үргэлжлэхгүй бол хүний нөөцийг бэлтгэх шаардлагагүй гэсэн үг. Тиймээс ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийг Засгийн газраас санхүүжүүлэх шаардлагатай боловч өнөөг хүртэл санхүүгийн дэмжлэгийг зохицуулах журам байгаагүй.

DPUB2 төсөл нь дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс ХНХЯ-тай хамтран "Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамж"-ийг боловсруулсан. Тус удирдамжид ажлын байрны дадлагажуулагчийн тодорхойлолт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний агуулга, санхүүгийн дэмжлэг олгоход тавигдах шаардлага, шат дарааллын талаар тусгасан. 2022 оны 5-р сарын 31-нд ХНХ-ын сайдын тушаалаар баталгаажсан тус удирдамж нь ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол үндэслэл болох юм.

(3) ААНБ-уудад нөлөөлөх

Хүний нөөц, санхүүгийн дэмжлэгийн тогтолцоо бий болсон ч бодит байдал дээр ХБИ-д ажил олгох ААНБ-ууд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтэд ач холбогдол өгөхгүй, "ХБИ ажил хийж чадахгүй" гэсэн нийтлэг ойлголттой байх юм бол ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтэд төдийлөн үр дүн гарахгүй. DPUB2 төслийн хүрээнд Монгол Улсад ХБИ-ийг ажиллуулж байгаа ААНБ-уудын сайн жишээг түгээн дэлгэрүүлж байна. Монгол Улсын цахим мэдээллийн суваг IKON-д "М-mart супермаркет", "CU сүлжээ дэлгүүр" -ийн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээ, ХБИ ба түүний гэр бүлийн өнцгөөс харсан нийтлэлийг тавьсан. Тус нийтлэлүүдэд чиглэсэн олон нийтийн хандалт сайн байсан бөгөөд 850 гаруй хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн (LIKE дарсан).

DPUB2 төсөл нь цаашид ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээ, ажлынбайрны далагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг авч тогтвортой хөдөлмөр эрхэлж буй үр дүнтэй жишээг мөн адил түгээх төлөвлөгөөтэй байна.

Мөн ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинарыг зохион байгуулж, ХБИ-ийг ажиллуулах давуу талууд, ажиллуулах арга барил, нийгмийн хариуцлага, ажил олголтын квот болон ажлын байрны төлбөрийн талаар ААНБ-уудад ойлголт өгөх ажлыг үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Хөдөлмөрийн хуулинд заасан ажил олголтын квот 4% байдаг ч төдийлөн дагаж мөрддөггүй, ажлын байрны төлбөр төлдөг ААНБ-ууд бодит байдал дээр маш цөөн байдаг.

ХБИ-ийг ажилд авахыг ААНБ-уудад хүчээр тулгахгүйгээр төр болон ТББ-уудын зүгээс ААНБ-уудад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласнаар ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт сайжрахаас гадна ажиллуулах боломжгүй ААНБ-ууд ажлын байрны төлбөр төлөх шаардлагатай талаар төслөөс зохион байгуулж буй семинарын үеэр сайтар ойлголт өгөхийг зорьж ажиллаж байна.

ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинарт ААНБ-уудын төлөөлөл олноор оролцож, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал бодлоо солилцсон. Өнөөг хүртэл төрөөс дэмжлэг авч байгаагүй бөгөөд гадаадын бусад орнуудын туршлагын талаар мэдэхгүй ч өөрсдийн санаачилгаар ХБИ-ийг ажилд авдаг. Гэвч удалгүй ажлаас гарчихдаг болохоор шантрах тохиолдол цөөнгүй байдаг талаар ярьж байлаа. Семинарт оролцсон ихэнх ААНБ нь ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг сонирхож байгаагаа илэрхийлж, тус үйлчилгээг хэрэгжүүлэх хүсэлтэй ААНБ-ууд ч цөөнгүй байсан. Тус семинар төсөл эхэлснээс хойш 2 удаа зохион байгуулагдсан боловч цаашид хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах олон боломжууд байгаа гэсэн дүгнэлтэд хүргэсэн.

2. 2022 оны сүүлийн хагасын үйл ажиллагааны төлөвлөгөө

2022 оны сүүлийн хагаст ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг бодитоор хэрэгжүүлнэ. Хэрэгжилтийн явцад олон асуудалтай тулгарах магадлалтай. Төсөл нь Монгол Улсын Засгийн газар, ТББ, ажлын байрны дадлагажуулагчидтай уялдаа холбоотой ажиллаж зөв шийдэл, арга зүйг тодорхойлж ажиллана. Мөн ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах хүний нөөцийг үргэлжлүүлэн бэлтгэхийн зэрэгцээ ААНБ-уудад зориулсан нөлөөллийн ажилд анхаарлаа хандуулж, хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээн дэлгэрүүлнэ. Олон нийттэй харилцах арга хэмжээнд анхаарлаа хандуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилна. Ингэснээр олон хүн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт, түүний хэрэгцээ шаардлагад анхаарлаа хандуулж, ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээг авдаг болно гэж найдаж байна.

PhotoААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг сайжруулах дадлага сургалт

PhotoААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинар: Лекцийн үеэр

PhotoАжлын байрны дадлагажуулагчийн анхан шатны 2-р семинарын хаалтын ажиллагаа


PhotoАжлын байрны дадлагажуулагчийн анхан шатны семинар: Япон мэргэжилтнүүдийн онлайн лекц

PhotoААНБ дээр очиж танилцах уулзалт

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency