Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2023-07-05

DPUB2 төслийн хүрээнд зохион байгуулсан Япон дахь сургалтын тайлан №1 “Япон улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллага, орон нутгийн засаг захиргааны олон нийтэд түшиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, ААНБ, ТББ-ын хөдөлмөр эрхлэлт хариуцсан нийт 18 хүн энэ оны 2-р сард Японы Осака хотод зохион байгуулагдсан сургалтад оролцсон байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран 2021 оноос хойш хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)" -ийн хүрээнд Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, дэмжигч байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаар туршлага судалжээ.

Үнэлгээнээс эхлээд тогтвортой байдлыг хангах хүртэлх бүх талын дэмжлэг

"Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарах эрсдлээс зайлсхийхийн тулд хувь хүн, ААНБ аль алийг нь үнэлэх шаардлагатай", “Ажлын байрны дадлагажуулагчийн төвлөрсөн дэмжлэгийн хугацаа дууссан ч үйл ажиллагааг тогтвортой байлгах”, “Тогтвортой байх хугацаанд гарч болохуйц эрсдлээс хэрхэн сэргийлэх” талаарх лекц, танилцуулга нь оролцогчдын анхаарлыг татаж байв. Сургалтанд оролцогчид лекцийн мэдээллийг анхааралтай сонсож, тэмдэглэж авч байлаа. Осака хотын баруун хойд хэсгийн Ёдогава дүүргийн “Кашима Юүайкай” нийгмийн халамжийн байгууллагын хурлын танхимд болсон сургалт үр дүнтэй болов.

PhotoЛекцийн агуулгатай холбоотой асуулт тавьж буй оролцогчид

PhotoЛинк төвийн ажилтан Сүизү Юүи тус төвийн чиг үүрэг, ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны талаар танилцуулж байгаа нь


“Кашима Юүайкай” нь нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Ёдогава дүүргийн Кашима, Мицүя засаг захиргааны нэгжтэй 30 жилийн турш нягт холбоотой ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад зориулсан нийгмийн халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боломж, бололцоог хангах зорилгоор 2006 онд Кашима хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Линк төвийг байгуулсан. Тус төвийн ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэлгээ хийсний дараа төвийн доторх ажлын байр, ААНБ дээрх дадлага ажил хийх боломжоор хангаж, зогсоо хийх ажилд дасан зохицох, ажлын цагаар хувийн үг хэллэг хэрэглэхгүй байх, удирдах ажилтантайгаа хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэн харилцах, ажилд ороход шаардлагатай хөдөлмөр эрхлэлтийн хэв маяг, төлөвшил, ур чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилладаг.

Ажлын байрны дадлагажуулагч нь ажлын байрыг хайж олж, үнэлсний дараа, ажилд оруулах зохицуулалт хийхээс гадна ажилд орсны дараа тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай бол ажлын байранд нь тогтмол хугацаанд очиж, нөхцөл байдалтай танилцах зэргээр дэмжлэг үзүүлнэ. Тус төв нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр өнөөг хүртэл 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлээд байна.

PhotoХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх сургалтын явцыг ажиглаж буй Монголын оролцогчид

PhotoЗочид буудал, эмнэлгүүдэд түгээмэл тохиолддог алчуурыг дөрвөлжлөн эвхэх дадлага хийж буй суралцагчид


PhotoЕрдийн оффис шиг бэлтгэсэн ажлын байрны шуудангийн хайрцагны өмнө бичиг баримт эмхлэх гарын авлагыг харж буй сургалцагч (голд), Линк төвийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Тамаики Юмико (баруун талд)

PhotoБаримт бичгийг эмхлэх гарын авлага нь бэрхшээлийн зэргээс шалтгаалан өөр өөр


Линк төвийн үйл ажиллагааны талаарх ажилтан Сүизү Юүигийн мэдээллийг сонссоны дараа сургалтад оролцогчид 2 багт хуваагдан төвийн үйл ажиллагаатай танилцав.Төвийн суралцагчид шингэнийг хэмжиж, жижиг лонхонд хийх аргад хэрхэн суралцаж байгааг мөн энгийн оффисын ажлын байрны загварыг бий болгож, тооцооны хуудас, баримт бичиг, соронзон наалт, картын цагираг гэх мэт төрлөөр нь ангилан хайрцганд хийж байгаатай танилцлаа. Дараа нь хажуу өрөөнд явагдаж буй алчуур дөрвөлжлөн эвхэх ажилтай танилцав.

Зочид буудал, эмнэлгийн байгуулллагад ажилд ороход ихэвчлэн дээрх төрлийн ажил хийдэг учраас бодит байдал дээр хийх дадлага ажлыг оруулсан тухай Тамаики дарга тайлбарлав.

Хөдөлмөрт бэлтгэх сургалтад амжилттай хамрагдаж, улмаар хөдөлмөр эрхэлж буй залуугийн алга ташилтаар дүүрэн яриа

Осака хотод 3 өдрийн турш үргэлжилсэн сургалтын үеэр Осака хотын харьяанд байдаг Мэргэжил сэргээн засах төв, Осакагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн төвийн ажилтнуудаас ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төр засгаас явуулж байгаа бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, "Heartful office (Сэтгэл дүүрэн ажлын байр) "-оор зочилж, тэнд багагүй цагийг өнгөрөөсөн юм.

PhotoСакаи Кёоко дарга Осакагийн мэргэжлийн нөхөн сэргээх төвийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тайлбарлаж байгаа нь

PhotoОсакагийн мэргэжлийн нөхөн сэргээх төвд сургалтад хамрагдаж, Кинки Роуд ХК-д ажилд орсон Кожима Кента (зүүн талд) өөрийн туршлагаас хуваалцлаа.


1985 оны 4-р сард байгуулагдсан Осакагийн мэргэжлийн нөхөн сэргээх төв нь хөдөлгөөн, оюун, сэтгэцийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдолтой иргэдийг цаашид тогтвортой хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтад хамруулдаг. Тус төвд 1 жилийн сургалт болон 1-4 сарын богино хугацааны сургалт байдаг бөгөөд компьютер дээр ажиллах, бусад ажлыг хийх практик сургалтыг зохион байгуулахаас гадна харилцааны ур чадвар, мэргэжлийн үнэмлэх авахад дэмжлэг үзүүлдэг гэж Сакаи Кёоко дарга ярьлаа.

Өнөөг хүртэл 1600 хүн тус төвөөр дамжин ажлын байртай болсон бөгөөд одоо 52 хүн сургалтад хамрагдаж байгаа аж.

2021 оны 4-р сараас эхлэн тус төвийн сургалтад хамрагдсаны дараа Кинки Роуд ХК-д ажилд орсон тэргэнцэртэй иргэн Кожима Кента өөрийн даргын хамт хүрэлцэн ирсэн юм. Ажил хайж байх явцад өөрт тохиолдсон асуудал, одоо хариуцан хийж байгаа ажил, ажиллах явцад гардаг асуудлын талаар ярьж өглөө. Өөрийн туршлагын талаар илэн далангүй ярьж өгсөн түүний яриаг анхааралтай сонсож суусан сургалтын оролцогчид ярианы дундуур алга ташиж, түүнд баяр хүргэж байлаа.

PhotoАхмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагын харьяа байгууллага болох Осакагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжил сургалтын төв, Санхүүгийн дэмжлэг үзүүлэх төвийн зүгээс тус тусын чиг үүргээ тайлбарлаж байгаа нь

Тус төв нь Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шууд харьяанд байдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн захиргааны байгууллагын харьяа байгууллага бөгөөд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 47 төв, 5 салбар нэгжтэй бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил хайгч, ажил олгогчдод цогц дэмжлэг үзүүлдэг. Бүх төвүүд ажил мэргэжлийн зөвлөхтэй бөгөөд “Hello Work”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ахуй амьдралыг дэмжих төв”, эрүүл мэнд, боловсрол, халамжийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон нийтэд түшиглэсэн мэргэжлийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.

Осакагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн төвийн ахлах зөвлөх Сейке Шинтаро нь тус төвийн үйл ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагчдын үзүүлж буй дэмжлэгийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тэрээр “Ажлын өөрчлөлт, стрессийг харгалзан үзэж, хэд хэдэн ажлын байрны дадлагажуулагч багаар ажиллан дэмжлэг үзүүлдэг" гэж ярьлаа. Мөн Санхүүгийн дэмжлэг үзүүлэх төвийн Осака дахь салбарын Нива Масахито Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагаас ажил олгогчдод үзүүлж буй дэмжлэгийн шат дараалал, санхүүгийн дэмжлэгийн бүтэц, зохион байгуулалтын талаар тайлбарлав.

PhotoОсака мужийн Нийгмийн халамжийн албаны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн газрын Бие даасан амьдралыг дэмжих хэлтсийн орлогч дарга Сүгимори Юкари Осака мужийн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйл ажиллагааны талаар тайлбарлаж байгаа нь

PhotoОролцогчид мужийн захиргааны нэгдүгээр давхарт байрлах “Сэтгэл дүүрэн ажлын байр” төвтэй танилцаж байгаа нь


Осака мужийн Нийгмийн халамжийн албаны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн газрын харьяа Бие даасан амьдралыг дэмжих хэлтсийн орлогч дарга Сүгимори Юкари Осака мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэвтэртэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрээр хийсэн судалгаан дээр үндэслэн авч хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний талаар танилцууллаа. Осака муж нь засаг даргын удирдлага, санаачилгын үр дүнд Япон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн өндөр түвшинд байлгаж байгааг тэрээр онцлон дурьдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мужийн захиргаанд цагийн ажилтнаар ажиллуулан, тэрхүү туршлага дээрээ үндэслэн ААНБ-д ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр “Осака мужийн захиргааны байрны нэгдүгээр давхарт байрлах “Сэтгэл дүүрэн ажлын байр”-ны үйл ажиллагаатай танилцав. Тус мужийн захиргааны байран дотор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвд хийсэн төрөл бүрийн бараа болон амттан борлуулдаг “Халамжийн дэлгүүр” байдаг.

PhotoМэргэжлийн дэмжлэг үзүүлэх 1-р хэлтсийн Нобүаки Иёо Hello Work-ийн чиг үүргийн талаар танилцуулж байгаа нь

PhotoТанилцуулгыг анхааралтай сонсож буй оролцогчид


PhotoХүүхдээ харахын хажуугаар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ээжүүдэд зориулсан “Ээжүүдэд дэмжлэг үзүүлэх хэсэг”-тэй танилцаж байгаа нь

Photo“ХБИ-ийг дэмжих хэсэг” дээр асуулт хариулт өрнөв.


PhotoКомпьютер ашиглан ажлын байрны зарыг харах боломжтой.

PhotoСургалтад оролцогчид Ёдогава дахь Hello Work-ийн дотоод үйл ажиллагаатай танилцан ажил олгогч, ажил хайгчийг холбон дэмжлэг үзүүлдэг Hello Work-ийн чиг үүргийн талаарх ойлголттой боллоо.


Сургалтад оролцогчид Ёдогава дахь Hello Work-д зочилж, засгийн газраас ажил хайгчид болон ААНБ-уудад төрөл бүрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зорилготой Hello Work (Олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах алба)-ийн үйл ажиллагаатай танилцав. Мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 1-р хэлтсийн ажил мэргэжлийн ерөнхий чиглүүлэгч багш Иёо Нобуаки "Hello Work"-ийн чиг үүргийн талаар танилцуулж, сүүлийн үеийн бүртгэлийн статистикаас харахад "Сэтгэцийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа” талаар онцоллоо. Тэрээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг цаашид дэмжиж, тогтвортой байдлыг хангахын тулд “Hello Work”-ийн үйл ажиллагааг улам сайжруулахаас гадна холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах нь зайлшгүй чухал" гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн аль эх үүсвэрээр ямар үйл ажиллагаа явуулах талаар зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх "Hello Work”-ийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Танилцуулга ярианы дараа оролцогчид 3 багт хуваагдаж, ажил хайгчид олноор цугларсан мэргэжлийн сургалтанд хамрагдах өргөдөл өгөх хэсэг, хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд зориулсан ээжүүдэд дэмжлэг үзүүлэх хэсэгтэй танилцлаа.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency