Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2023-07-05

DPUB2 төслийн хүрээнд зохион байгуулсан Япон дахь сургалтын тайлан №2 “Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж буй ажлын байран дээрээс суралцах нарийн мэдрэмжтэй тохируулга”

Энэ оны 2-р сард Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ажилладаг төрийн албан хаагч, ТББ, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Япон улсад очиж, Осака хотод Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бүтцийн талаар суралцлаа. Өмнөх нийтлэлийн үргэлжлэл болгон сургалтын үйл явцаас танилцуулъя.

Даатгалын салбарын анхны тусгай охин компанид очиж танилцсан нь

Осака хотын харьяа Мэргэжлийн нөхөн сэргээх төв, Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төрийн захиргааны байгууллагын харьяа Осака хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв зэргээс тайлбар мэдээлэл авч, Кашима Юүайкай болон Осака мужийн Тамгын газар, Hello Work Ёдогавад очиж, төрийн байгууллага болон дэмжигч байгууллагын явуулж буй үйл ажиллагааны талаар танилцлаа.

Тэдний дундаас сургалтын оролцогчдийн хамгийн их сонирхлыг татсан нь хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа байсан.

PhotoNissei New Creation ХХК-ийн Бизнесийн хоёрдугаар хэлтэс хариуцсан дарга Айи Хироюки

PhotoТухайн компанид байрлуулсан тэргэнцэр дээр сууж байхдаа ашиглах боломжтой сунгалтын төхөөрөмж


PhotoТөрөл бүрийн тохируулга хийгдсэн түгээмэл загварын ариун цэврийн өрөөтэй танилцаж буй сургалтын оролцогчид

PhotoТухайн компанид Ниппон сэймэй даатгалын компаниас захиалга авч, хэвлэх, хавтаслах зэрэг ажлыг гэрээлэн гүйцэтгэдэг.


Энэ удаа очиж танилцсан Nissay New Creation ХХК-д Ниппон сэймэй даатгалын компанийн 100% хөрөнгө оруулалттай охин компани хэлбэрээр 1993 онд байгуулагдсан. Даатгалын салбарын анхны тусгай охин компани бөгөөд Nissay New Creation ХХК-д ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь толгой компани болох Ниппон сэймэй даатгалын компанид ажилладаг гэж үздэг. Компани байгуулагдах үед хөгжлийн бэрхшээлтэй 25 ажилтантайгаар үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд одоо 408 ажилтантайгаас 356 нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй ажилтан (2022 оны 4-р сарын байдлаар) ажиллаж байна. Тус компани Ниппон сэймэй даатгалын компанийн захиалгаар даатгалын холбогдолтой захиргааны ажил, хэвлэх болон хавтаслах ажил гүйцэтгэдэг ба Ниппон сэймэй төв компани дахь мини маркетыг ажиллуулж, гар аргаар цаас үйлдвэрлэх зэрэг ажлуудыг мөн хийдэг. Ажилтнуудын 90 орчим хувь нь Ниппон сэймэй даатгалын компанийн тусгай төхөөрөмжийг ашиглан my number бүртгэл, даатгалын холбоотой баримт бичгүүдийг шалгах ажил, даатгалтай холбоотой захиргааны ажлыг гэрээлэн гүйцэтгэдэг. Компани байгуулагдах үед хөдөлгөөн, сонсгол зэрэг бие эрхтний бэрхшээлтэй хүмүүс голлон ажиллуулж байсан бол сүүлийн жилүүдэд сэтгэц, оюуны бэрхшээл болон хөгжлийн хоцрогдолтой иргэдийг олноор ажиллуулж байна.

Nissay New Creation ХХК-ийн Бизнесийн хоёрдугаар хэлтэс хариуцсан дарга Айи Хироюкигийн зүгээс тус компанийн талаар тайлбар мэдээлэл авч, 2 багт хуваагдан тус компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэргэнцэртэй хүмүүс хоорондоо хялбархан зөрж өнгөрөх, булан тойроход хялбар өргөн коридортой бөгөөд тэргэнцэртэй хүмүүс яаралтай үед дээш доош гарах боломжтойгоор шатны нэг хэсэгт налуу зам суурилуулж, мөн гамшгийн үед тэргэнцэртэй хүн бие даан гадагш гарах боломжтойгоор гаднах хана дагуу налуу зам байгуулсныг үзэж сонирхоцгоов.

Ялангуяа эргэн тойрны хүмүүсийн харц, дуу чимээнээс шалтгаалан стресст орсон ажилчдад зориулан тусгаарлах ханаар хүрээлэгдсэн амрах талбай бүхий ажлын ширээ, тэргэнцэр дээр сууж байхдаа ашиглах боломжтой сунгалтын төхөөрөмж суурилуулагдсан сунгалтын хэсэг, түгээмэл загварын худалдааны автомат машин, нарийн тохируулгуудыг үзэж танилцаад, бодитоор амралтын хэсэг болон сунгалтын төхөөрөмжийг ашиглаж үзэцгээв. Мөн түүнчлэн 31 түгээмэл загварын ариун цэврийн өрөөтэй бөгөөд ашиглах боломжтой эсэхийг холоос харах боломжтой тэмдэглэгээг хийснээс гадна тэргэнцрийн баруун эсвэл зүүн аль ч талаас суултуур луу шилжин суух боломжтой хийгджээ. Биеийн температурыг зохицуулахад бэрхшээлтэй нуруу, нугасны бэрхшээлтэй хүмүүст зориулан ариун цэврийн өрөөг агааржуулалтын системтэй хийсэн гэж тайлбарлаж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах үед тавих шаардлага болон бизнесийн ашиг орлого талаас нь ч асуулт тавьж байв.

Тус байгууллагатай танилцсаны дараа явагдсан асуулт хариултын үеэр Айи хэлтсийн дарга болон тус компанийн гүйцэтгэх захирал Амабэ Нобүя, хүний нөөцийн холбогдох ажилтнууд оролцов.

PhotoАсуулт хариултын хэсэгт Амабэ гүйцэтгэх захирал тэргүүтэй хүмүүс оролцов.

PhotoТанилцуулга хийсэн ажилтнуудтай дурсгалын зураг авхуулав.


Жишээлбэл “Удирдах албан тушаалтнуудын тал хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж хэлсэн, та анхнаасаа зорилго болгож байсан уу, эсвэл санамсаргүй тохиолдлоор ийм болсон уу” гэсэн асуултанд “Компани байгуулагдах үед удирдах албан тушаалтнууд бүгд Ниппон сэймэй даатгалын компаниас томилогдон ирж байсан боловч, одоо бол компанийн ажилтнууд чадваржиж, тал хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлдэг” гэж хариулсан юм. Мөн “Танай компанид хэдэн ажлын байрны дадлагажуулагч байдаг вэ” гэсэн асуултанд “Ямар нэгэн зүйл тохиолдоход зөвөлгөө авах боломжтой нийт 70 гаруй зөвлөх ажиллаж байгаа ба тэдгээрээс 17 ажилтан нь байгууллагууд дээр ажилладаг ажлын байрны дадлагажуулагч нар юм. Удирдах ажилтан нь ерөнхийдөө ярилцах зөвлөлдөх үүрэгтэй ч, шийдвэрлэхэд хэцүү зүйл гарсан тохиолдолд ажлын байрны дадлагажуулагчийн оролцоотойгоор зохицуулалт хийгээд явдаг” гэв.

Мөн “Оюуны бэрхшээлтэй хүн ажиллуулахын тулд тухайн компани ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ” гэдэг асуулт гарсан. Энэ асуултад “Манай компанид одоогоор 59 оюуны бэрхшээлтэй хүн ажиллаж байгаа бөгөөд бүгд ажилдаа нямбай хандаж, байгууллагын чухал ажиллах хүч болж чадсан” гэж танилцуулан “Оюуны бэрхшээлтэй иргэнийг ойлгохын тулд цаг хугацаа шаардагддаг боловч, ажилд авсны дараа талархан, шаргуу ажиллах боломжтой хүмүүс гэдгийг тайлбарлах нь зүйтэй болов уу” гэж хэлж байв.

“Танай компанийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авснаар бизнесийн хувьд ямар ашигтай гэж үздэг вэ” гэж асуусан асуултанд “Толгой компанийн ашгийг хамгаалан, хуульд заасан ажил олголтын квотыг биелүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай охин компанид ажилд авч байгаа нь үнэн боловч, нөгөөтэйгүүр бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах үүрэг хүлээсэн, үүнийгээ хэрэгжүүлэх зорилготой компани гэдгээрээ бахархдаг” гэв.

Мөн “Би 9 жилийн Монголд нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээ ашиглах ажил олдохгүй байсан. Харамсалтай нь Монголд одоо ч гэсэн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар бус гадаад төрхөөр нь дүгнэдэг нөхцөл байдал байсаар байна. Танай компанид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахдаа ямар шаардлага тавьдаг вэ” гэж сургалтын тэргэнцэртэй оролцогч асуухад “Ахуй амьдрал нь хэр тогтвортой вэ, ажил хийх хүсэл эрмэлзэл, өөрийн хөгжлийн бэрхшээлийг хэр зэрэг хүлээн зөвшөөрч, эргэн тойрны хүндээ хэлж тайлбарлах боломжтой вэ зэрэг хөдөлмөрт бэлтгэгдсэн байдлын пирамидын дагуу ажилд авдаг.” “Хамт олон нь тохиромжтой дэмжлэг үзүүлэхийн тулд ч гэсэн тухайн хүн өөрийн хөгжлийн бэрхшээлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд онцгой ач холбогдол өгдөг” гэж ярив.

Nissay New Creation ХХК нь компанийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь сургалтын оролцогчдод их таалагдсан учраас буцах автобусанд хоорондоо сэтгэгдлээ хуваалцаж, маш их урам зориг авсан харагдаж байсан юм.

Корона вирусын улмаас сургалтын төлөвлөгөөг гаргахад хүндрэлтэй байсан.

Энэ удаагийн сургалтын төлөвлөгөөг Кашима Юүайкай нийгмийн халамжийн байгууллагын гүйцэтгэх захирал, Кашима хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн захирал Сакаи Дайсүкэ нар боловсруулан, зохион байгуулсан юм.

PhotoСургалтын оролцогчдод багийн хэлэлцүүлгийн чиглэл, зөвлөгөө өгч буй Сакаи Дайсүкэ захирал ( Ард зогсож байгаа эрэгтэй хүн)

Кашима Юүайкай-д 25 жил орчим ажиллаж байгаа Сакаи нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон жил ажиллаж байгаа бөгөөд одоо удирдах албанд ажилладаг болсон хэдий ч хувь хүний зүгээс чин сэтгэлээсээ анхаарч ажиллаж байгаа тухайгаа хэлж байв.

“Жайка” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2007 онд Малайз улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл хэрэгжүүлэх үед хамтарч ажиллаж байсан бөгөөд DPUB2 төсөлд ч гэсэн богино хугацааны мэргэжилтнээр ажиллаж байна. “Олон орны хүмүүстэй хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад маш их урам зориг авдаг бөгөөд Япон улсын хөгжил дэвшил, тулгамдсан асуудлыг тайлбарлахын зэрэгцээ Япон улсын цаашдын ирээдүйн талаарх өөрийн бодлоо цэгцлэх боломж болдог хэмээн гадны оронд ажиллахын давуу талын талаар ярьж байсан юм.

Энэ удаагийн сургалтын талаар олон салбарын, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцах боломжтой хуваарь гаргахыг зорьсон. Тийм учраас ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх сургалт зохион байгуулах үед компани дээрх дадлагын үед хамтарч ажилладаг хэд хэдэн компаниуд руу холбогдсон боловч коронавирус цар тахлын нөлөөгөөр гэрээр ажиллах болсон байгууллагууд олон болсон байсан тул энэ удаа очиж танилцсан Nissay New Creation ХХК боломжтой байсан. “Үнэнийг хэлэхэд анх төлөвлөж байсан үеийнхээс маш олон зүйлсийг өөрчлөх шаардлагатай болсон. Сургалтын оролцогчид ч гэсэн илүү олон компанитай очиж танилцах хүсэлтэй байсан байх, гэхдээ бие эрхтний бэрхшээлтэй хүмүүст зориулж тусгайлан орчны тохируулга хийсэн Nissay New Creation ХХК-тай очиж танилцаж чадсан явдалд маш их баяртай байна” гэж ярив.

Нөгөөтэйгүүр дэмжигч байгууллагын хувьд сургалтын оролцогчдыг хүлээж авах хүчин чадал зэргээс шалтгаалан зөвхөн Кашима Юүайкайд очиж танилцсан. Мөн урилгаар лекц орсон Осака хотын мэргэжлийн нөхөн сэргээх төв, Осака хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв зэргээс үнэлгээ өгөхөөс эхлэн ажилд оруулах, түүний дараагаар тогтвортой ажиллахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх зэрэг бүхий л ажлыг хэрхэн хийж байгааг сургалтын оролцогчдод дамжуулахыг хүссэн.

Мөн төрийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцуулах нь энэ удаагийн сургалтын төлөвлөгөөний онцгой анхаарсан нэг хэсэг байсан. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд хуульд заасан ажил олголтын квотыг тогтоож байгаа засгийн газар өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал учраас Осака мужийн Heartful Office-ийн үйл ажиллагаатай танилцаасай гэж хүссэн. “Энэ удаагийн сургалтаар дамжуулан Монгол Улсын ХНХЯ ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж илэрхийлэв.

“DPUB 2 төслийн хугацааны хагас нь өнгөрсөн болохоор аль болохоор төслийн хамт олонтой уулзаж, одоо ямар асуудал тургарч байгаа, юунд эргэлзэж байгааг тодорхой болгохыг хүсч байна” гэж Сакаи захирал хэлж байв. “Малайз улсын төсөлтэй холбоотой ажилласан хэдэн жилийн хугацаанд адилхан хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх салбарт ажиллаж байгаа болохоор, холбогдох хүмүүстэй одоо ч гэсэн холбоо харилцаатай байдаг. Монгол улсад ч гэсэн ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоо нэвтэрч, урт удаан харилцаатай ажиллаж чадна гэж бодож байна” гэж ярьсан юм.

Хэлний мэдлэг үл хамааран нэвтрүүлэх боломжтой ажлын байрны дадлагажуулагчийн арга зүй

PhotoОюутан байх үедээ Кашима Юүайкайд цагийн ажилтнаар ажилдаг байсан бөгөөд сургуулиа төгсөөд шууд Кашима Юүайкайд ажилд орж, ажлын байрны дадлагажуулагчийн гэрчилгээ авч, одоогоор Link төвд хэлтсийн даргаар ажилладаг Тамаширо Юмико(Баруун гар тал)

Сакаи захиралтай хамтран энэ удаагийн сургалтын төлөвлөгөөг боловсруулж, очиж үзэх газруудыг сонгож, цаг товлосон хүн бол Кашима хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Link төв /Цаашид Link гэх/-ийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Тамаширо Юмико байсан.

Оюутан байх үедээ Кашима Юүайкайд цагийн ажил хийж, оюуны болон харааны бэрхшээлтэй хүмүүст гадагш гарах үед нь тусалдаг байсан Тамаширо “Зөвхөн дэлгүүр хэсээд үүнийгээ нийгэмд оролцож байна гэж хэлж болохгүй. Зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас бус үйлдвэрлэгчийн байр сууринд очиж үзэж байж л жинхэнэ утгаараа нийгэмд оролцож чадна” гэж боддог болсон. Тэр үед сонин дээрээс ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоо бий болох талаар нийтлэл уншаад, ажлын байрны дадлагажуулагчийн талаар маш их сонирхсон Тамаширо Кашима Юүайкайд цагийн ажилтан байх үедээ Сакаи захиралтай анх танилцаж зөвлөлдөж байсан гэнэ. Энэ уулзалтын дараа коллежоо төгссөж, Кашима Юүайкай нийгмийн халамжийн байгууллагад ажилд орон ажлын байрны дадлагажуулагчийн гэрчилгээ авч, 2006 онд Link төв байгуулагдах үед Link төвийн ажлын байрны дадлагажуулагч мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн байна.

13 жилийн өмнөөс эхлэн Сакаи захирлын удирдлаган дор Жайкагийн сургалтын үйл ажиллагааг хүлээн авч, хариуцан ажиллаж байгаа бөгөөд, одоог хүртэл Малайз, Йордан улсуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн салбарын холбогдох хүмүүсийг Япон дахь сургалтад хамрагдах үеийн сургалтын төлөвлөгөөг гаргах, очиж танилцах компаниудтай цаг товлох зэрэг зохицуулалтуудыг хийж байсан туршлагатай. Сургалт бүрийн төгсгөлд сургалтын оролцогчид цаашдын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулах үеийг тэсэн ядан хүлээдэг. Аж ахуйн нэгж дээр очиж танилцсан туршлага, лекцээ эргэцүүлэн бодож, Монголд буцаж очсоны дараа өөрийн ажил үүрэгт хэрхэн тусгаж ажиллах талаар шийдвэр гаргаж, “улс бүрийн соёл, нийгмийн хамгааллын тогтолцоо, мөн тухайн улс колончлолын түүх байгаа эсэх, эсвэл саяханыг хүртэл дайн, мөргөлдөөн байсан эсэх зэргээс шалтгаалан сэтгэлгээний арга барил өөр байгааг харах нь маш сонирхолтой байдаг.

Ажлын байрны дадлагажуулагчийн талаар “Аж ахуйн нэгж байгууллагын хүнтэй шууд ярилцаж, ажлын байрны орчинд шууд нөлөөлснөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй саад бэрхшээлийг арилгах боломжтой бөгөөд ийм маягаар хурдан бөгөөд үр дүнтэйгээр үзүүлэх боломжтой дэмжлэг өөр байхгүй гэж бодож байна” “Энэ бол яг миний хамгийн тохиромжтой гэж боддог дэмжлэгийн хэлбэр” хэмээн бахархалтайгаар ярьж байсан. 10 жилийн өмнөөс Link төвийн хүний нөөцийг бэлтгэх ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Өөр хэл, соёлтой орнуудад ч гэсэн ажлын байрны дадлагажуулагчийн онол, арга зүй нь хүлээн зөвшөөрөгдөж байгааг өөрийн нүдээр харж, урьд өмнөхөөс илүүтэйгээр ажлын байрны дадлагажуулагч гэх мэргэжилдээ дуртай болсон” “Хамгийн дуртай ажилдаа тууштай оролцож байгаадаа баяртай байна” гэж хэлэн инээмсэглэж байлаа.

Төрөл бүрийн салбарын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа гадны орны хүмүүсийг хүлээн авч, Япон улсын тогтолцоо, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй ойлгуулахад чиглэсэн сургалтын хуваарийг гаргаж, сургалтыг зохион байгуулах нь тийм ч хялбар биш байдаг. Өдөр тутмын ажлаа зохицуулан Япон улсад ирсэн сургалтын оролцогчдыг богино хугацаанд олон зүйл сурах боломжтойгоор хангахад аж ахуйн нэгж байгууллагаас эхлэн төрийн байгууллага хүртэлх олон салбарын байгууллагуудтай өдөр тутам холбогдох хүмүүстэй хамтарч ажиллаж, харилцаа холбоо тогтоож, сургалтын оролцогчдыг хүлээж авах хүсэлт гаргах боломжтой энэхүү сүлжээг бий болгон, байгууллагын хэмжээнд бүрэн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн сургалт зохион байгуулагч талын холбогдох хүмүүс тус бүрийн үүрэг хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлаж, идэвх чармайлттай ажиллаж байгаа нь маш том дэмжлэг болдог юм.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency